Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын элчин сайдын яамд, төлөөлөл нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газар эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсээр байна. 2012-2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь огцом өсөж, хөрөнгө оруулалт эрс багасаж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр хурдтай унаж, зээлжих зэрэглэл буурснаар макро эдийн засагт тогтворгүй байдал үүссэн юм. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоох, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, алдагдлыг бууруулах, өрийн дарамтаас гарахын тулд бид “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн ОУВС, бусад түншүүдтэйгээ хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газар, Монголбанкны зүгээс макро эдийн засгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 4 жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрээд байна. Эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсөж, олон тооны аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргаж буй шийдвэр, Засгийн газраас явуулж үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг сэргээх, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих чухал арга хэрэгсэл болохын хувьд цаашид журмын төслөө илүү амьдралд нийцүүлж, сайжруулахын тулд хөрөнгө оруулагчид болон худалдаа, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.
Цаашид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, төсвийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.
Өнөөдрийн уулзалтын дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын Элчин сайдын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамд өөрийн улсынхаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Tsag tsagaaraa baidaggui yum shuu Zurchliin huuli hamaagui shuu!!!! Ta ard tumniig bagahan doromjlooroi. Altanhuyag saidiin ued zeel avaad dunguj huld orj baigaa huuhduudiig jijig gej bitgiii bas udahgui Mongoldoo tolgoi tsohino shuu.
Ene setguulch baitugai ediin zasgiin ender medlegtei humuus ediin zasagt prognoz hiij helj chadahgui baikhad enenii bultreh ny denduu yum, iim mergejliin bus yumiig hereg erhlehiin dargaar tavidag estoi erguutsen zasag yum, ulaandaa garsan uls orond gai boldog yum
Таны нүүрс Таван Толгойгоос сайн ачигдаж байна лээ…бусад компаниуд хаана яаж ашигтай ажлаад байгаа юм бэ. Тийм их шунаж баялгийг ганцаараа хүртэх насанд цөвтэй бус уу. Саяхан л Сөүлд житон гуйгаад зогсож байсан, тэрийгээ хааяа бодож явахад гэмгүй шүү.