Эрсдэлийг боломж болгоход Монголын үндэсний брэндийн зөвлөл томоохон үүрэгтэй

2017 оны 09 сарын 04

Монголын үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гадаадын улс орны Элчин сайд нар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын төлөөллүүд, Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард түмэн, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн төвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн дотооддоо байгаа боломжит нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг судалгаан дээр үндэслэн тооцож, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн бодлогын төслийг боловсруулах, санал дүгнэлт гаргаж мэдээллээр хангаж ажиллана.

Гадаадын улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийнхээ төрд итгэх итгэлийг дээшлүүлэх ач холбогдол бүхий бие даасан ийм байгууллагуудыг 1990 оны сүүл, 2000 оны эхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа дэргэд газар, агентлаг, компанийн хэлбэрээр байгуулсан байдаг. Ингэснээр улс орныхоо хөгжлийн гарцыг оновчтой тодорхойлж, амжилттай хэрэгжүүлж ирсэн жишээ олон байна. Улс орны хөгжил зогсонги байдалд орох эсвэл эдийн засгийн хэт уналтанд орсон тохиолдолд л үндэснийхээ брэндийг Засгийн газрынхаа түвшинд дэмжин ажилладаг байна. Учир нь үндэсний брэнд бол тухайн улс, ард түмний үзэл санаа, эв нэгдэл, хүрэх мөрөөдөл, урагш явах зүг чиг болдог байна. Монгол Улс ийм үндэсний брэндтэй, үндэсний үзэл санаа, мөрөөдөлтэй, явах зүгтэй болохоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт болох эдийн засгийн  хүндрэлийг даван туулах онцгой бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин,  ногоон хөгжлийн  бодлого, засаглалын бодлогуудтай үндэсний брэндийн үйл ажиллагаа салшгүй холбоотой явах учиртай юм. Мөн Засгийн газрын баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлэх нь үндэсний брэндийн зөвлөлтэй хамтарч ажиллахаас ихээхэн шалтгаална.

Монголчууд бидэнд бусдын сонирхлыг татах, Монгол Улсаа дэлхийд эерэг сурталчлах, ард түмнийхээ эв нэгдэл болж чадах үнэт зүйл олон бий. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь мэргэжлийн байгууллагаар, мэдлэг, олон улсын судалгаанд тулгуурлан сонгоно. Ингэснээр Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргах, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний брэнд болгож  дэлхийд таниулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бид алдаанаасаа суралцах ёстой. Бидэнд гаргасан бодлого, шийдвэр цөөдөөгүй. Харин тэдгээрийг мэдлэг, тооцоо судалгаанд тулгуурлаж гаргаагүй учир тэр бүр амьдрал дээр хэрэгжихгүй, үр дүнгээ өгөхгүй байна. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд гэхэд эдийн засгийн өсөлт 17-гоос 1 хувь болтлоо унахад гадаад зах зээлийн орчин нөлөөлсөн хэдий ч дотооддоо бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын зүгээс гарч болох үр дагаврыг нь дутуу тооцсон, судалгааны үндэслэл, тооцоолол муутай шийдвэрүүд гаргаж байсан нь эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлсөн гэж манай судлаачид дүгнэдэг юм. Иймд Монголын үндэсний брэндийн зөвлөл нь эхний ээлжинд  зөвхөн уул  уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурлаж хөгжихийг бус, нэн түрүүн байгаль цаг уурын онцлог, нүүдэлчин соёл, язгуур урлаг, биет болон биет бус өвийг сурталчлах, Монгол Улсын язгуур дүр төрхийг тодруулж, ард түмнийхээ итгэл үнэмшил, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг өрнүүлэх, тэдгээрийг дэлхийн улс орнуудад урт хугацаанд, давтамжтайгаар сурталчлан таниулах ажлын эхлэлийг тавиад байна.

Өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа хэдий ч эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныгсудалгаанд тулгуурлан тогтоох нь хамгийн чухал юм. Бид  урьдын адил тойрч зугтахгүйгээр хямрал хүндрэлтэйгээ нүүр тулж, нүцгэн гараараа ч хамаагүй тэмцэх ёстой. Энэ тэмцэлд ялахад бүх эрсдлийг тооцсон, үр дүнг урьдчилж харсан тооцоо судалгаа хэрэгтэй. Хэрвээ бид бодлого шийдвэр бүрээ тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргавал бүх эрсдэл маань боломжоор солигдоно.

Эрсдэл боломжоор солиход Монголын үндэсний брэндийн зөвлөл их үүрэг гүйцэтгэнэ, ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ug(66.181.187.65) 2017 оны 09 сарын 04

BREND GEDEG UG TAMGALAH GESEN UG

0  |  0
Top