Монгол-Хятадын 2 дахь удаагийн экспо нээгдэв

2017 оны 09 сарын 27

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод нээгдэв.

Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум”-д Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар үг хэлж, Монголын төлөөлөгчдийн үндсэн илтгэлийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тавив.

Хяталын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Ли Чөнган зэрэг албаны хүмүүс үг хэлэв.

Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тууштай бодлого болохыг нотлож, Монголын ”Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” стратегитай уялдуулах тухай Санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын хэдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь  гурван улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, ард иргэдэд бодит үр өгөөжөө өгнө гэж үзэж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт”-ыг урагшлуулах нь гурван улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тустай болохыг онцлон тэмдэглэв.

“Монгол-Орос-Хятадын хэдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан 32 томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол, Хятад, Орос болон бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо нээлттэй байгааг тэмдэглэв.

Мөн манай улсын эдийн засагт гарч буй нааштай өсөлт, хандлагуудыг бэхжүүлэн тогтвортой хөгжлийнзамд баттай ороход хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэв.

9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Хөххотод болох “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн хүрээнд үзэсгэлэн яармаг, хурал, форум, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл спортын солилцоо зэрэг 4 үндсэн чиглэлийн 22 томоохон арга хэмжээ зохиогдож байна.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн нар тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид 25-ны орой Монгол-Хятадын олон улсын соёлын долоо хоногийн нээлтийн үдэшлэг-урлагийн тоглолтыг үзэж сонирхсон бол 26-ны өдрийн үдээс өмнө Экспогийн хүрээнд нээгдээд буй Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг үзэсгэлэн яармагуудыг үзэж сонирхов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top