Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран 2017 оны 10 дугаар сарын 4-нд “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид мөн Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлага тэргүүтэй албан хаагчид, ОХУ, БНБеларусьУ, БНКазахстанУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНБеларусьУ, БНКазахстанУ-ын бизнес эрхлэгчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ: Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвийн дор 2 салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагуудын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор:
Талууд эдгээр санамж бичгүүдийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон байна.
Мөн Зам тээвэр, гаалийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, ГЕГ-ын дарга Б.Асралт, ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү нар Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусовыг, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешковыг тус тус хүлээн авч уулзаж, тус тусын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.
Сэтгэгдэл ( 0 )