Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж байна. Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж байгаа бөгөөд жил бүрийн 10-р сарын 31-нд энэхүү өдрийг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш тэмдэглэхдээ иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ.
Монгол улс мөн “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, 2017 оны 10-р сарын 31-ний өдрийг угтаж нийт банк санхүүгийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтийг оролцуулсан нээлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн (Sparkassenstiftung) төлөөлөл - Ноён Ульрих Кийнитц, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Дэд захирал С.Дамдиндорж, Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгч Н.Цэрэндаваа нар оролцож үг хэлэв. Цаашид тус өдрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байхаар болж байна.
Ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын өдрийг Монгол улсад жил бүр тэмдэглэдэг байхаар Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсныг нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан нь онцлох үйл явдал байлаа.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн боловсрол аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” дэд аяныг нээж хэлсэн үгэндээ “Монгол улс Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдрийн аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулгын хүрээнд явагддаг. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад түлхүү чиглэж байгаа ба олон өгөөжтэй ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн талаар хэлээд, үүний нэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ?” сэдэвт зургийн уралдаан байх”-ыг мэдэгдлээ.
Дараа нь ХБНГУлсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел үг хэллээ. “Хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь санхүүгийн боловсролд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ирээдүйд мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдүүлдгийг зөвхөн хүүхдүүдэд бус, насанд хүрэгчдэд ч мөн адил ойлгуулах нь нэн тэргүүний зорилт билээ. Энэ утгаараа хуримтлуулах хандлагыг дадал болгосноор үр дүнд нь иргэн бүрийн санхүүгийн нөхцөл байдлаа өөрөө хариуцах чадварыг дэмжихийн зэрэгцээ, улс орны эдийн засгийн хөгжлийг бататгах давуу талтай.
Германы Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ төрлийн төслийг хэрэгжүүлэх арвин их туршлага хуримтлуулсан ашгийн бус байгууллага юм. Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан Монголбанк, Монголын Банкны Холбоо болон Хадгаламжийн Даатгалын Корпорацитай нягт холбоотой, амжилттай хамтран ажиллаж буйг дурьдахад таатай байна” хэмээн элчин сайд онцлов.
Мөн үеэр Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн Төв Азийн бүсийг хариуцсан захирал ноён Ульрих Кийнитц “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хамтран зохион байгуулснаар бид иргэдэд, банкуудад, Монгол улсад үр өгөөжтэй нэгэн сайхан уламжлал тогтоохыг зорьж байна. Цаашид “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг нутагшуулахын тулд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Бид Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн тул энэхүү зорилгод хүрч чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолбол, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулна. Энэ үеэр сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтрийг бэлэглэх бөгөөд энэ дэвтэр нь өсвөр насныхан мөнгөө зөв зарцуулж сурахад бодитой дэмжлэг болно. Үүний зэрэгцээ Монголбанк, Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангаас сургалтад оролцсон нийт сурагчдад хуримтлал үүсгэж эхлэхэд нь зориулж хуримтлалын авдар бэлэглэх юм. Мөн аяны хүрээнд энэ сарын 28-нд насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролд зориулсан арга хэмжээ Корпорейт зочид буудлын Конвейнш төвд, 31-нд хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд тус тус зохион байгуулагдах товтой байна.
Сэтгэгдэл ( 1 )
HUUHDIIN MONGIIG OGOHOO BOLIOD HONGOLOLT EDLUULJ TOSVOO HEMNEJ BODITOI TOOTSOO HIIHED DOHOM