2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2017 оны 10 сарын 26

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны (2017.10.26) хуралдаан 14 цаг 34 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 

Хуралдааны эхэнд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан есөн зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Тухайлбал, Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд 7,218.0 гэснийг 7,231.4 гэж, 2019 онд ДНБ-д эзлэх хувь 24.1 гэснийг 24.2 гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2017 онд 9,248.6 гэснийг 9,154.5 гэж, ДНБ-д эзлэх хувь 33.7 гэснийг 33.4 гэж, 2018 онд 9,828.8 гэснийг 9,623.9 гэж ДНБ-д эзлэх хувь 32.4 гэснийг 31.7 гэж, 2019 онд ДНБ-д эзлэх хувь 30.3 гэснийг 30.4 гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2017 онд -2,711.5 гэснийг -2,617.4 гэж, ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.5 гэж, 2018 онд -2,610.8 гэснийг -2,392.5 гэж,  ДНБ-д эзлэх хувь -8.6 гэснийг -7.9 гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ (тэрбум төгрөг) 2017 онд 1,887.8 гэснийг 1,813.5 гэж, ДНБ-д эзлэх хувь 6.9 гэснийг 6.6 гэж, 2018 онд 2,102.3 гэснийг 1,997.6 гэж, ДНБ-д эзлэх хувь 6.9 гэснийг 6.6 гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх Дотоодын нийт бүтээгдэхүүний  (ДНБ) бодит өсөлтийн хэмжээ (хувь) 2018 онд 4.0 гэснийг 4.2 гэж, 2019 онд 6.6 гэснийг 6.0 гэж өөрчлөх, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр (тэрбум төгрөг) 2018 онд 24,272.8 гэснийг 24,309.6 гэж, 2019 онд 25,556.3 гэснийг 25,428.8 гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү тогтоолын төсөлд Монгол Улсын 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтыг хамаарахгүйгээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 оны төсвийн жилд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр тэтгэмж олгох асуудлыг тусгасан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн, М.Билэгт, Д.Оюунхорол, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72,550.0 сая төгрөгийг хасч, халамжийг хавтгайруулсан бодлогыг дэмжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг онцгойлон анхааруулж байлаа. Мөн 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосноор нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй. Иймд уг тогтоолын төсөлд багш, эмч нарын хөдөлмөрийг бодитой үнэлэх, төрийн албан хаагчдын цалингийн системийн үнэлгээг оновчтой болгох талаар Засгийн газарт чиглэл өгсөн заалт нэмж тусгах санал гаргасан.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top