Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр “Айтүүлс” ХК-ийн Монголд анхны мэдээллийн технологийн хувьцаа арилжаалах нээлт болж, цан цохилоо. Нээлтэд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Айтүүлс" компанийг үүсэг байгуулагч А.Баттамир нарын хүмүүс оролцсон.
“Хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “2005 онд Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн анхны IPO амжилттай болсон бөгөөд түүнээс хойш нийт 20 гаруй компани IPO хийх хүсэлтээ Хороонд гаргаснаас 17 компани хувьцаагаа амжилттай арилжаалсан. Тус биржид бүртгэлтэй 219 компани үйл ажиллагаа явуулдаг” гэв.
“Айтүүлс” компанийг үүсгэн байгуулагч А.Баттамир: “Айтүүлс” ХК олон нийтэд хувьцаагаа санал болгосон анхны мэдээллийн технологийн салбарын компани боллоо. 2011 онд байгуулагдсанаас хойш дата төв, домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор үзүүлж ирсэн. Бизнесийн үнэ цэнэтэй хөрөнгө нь Дата гэдэг. Мэдээллийн технологийн хөгжил сайжирсан өнөө цагт хаана яваа газартаа Дата үйлдвэрлэж байдаг. Энэ бол том боломж. Цаашид олон улсын TIER III стандартыг хангасан сертификат бүхий газар зүйн нөөц модуляр дата төвийн паркийг Дархан хотод байгуулна” гэсэн юм.
Нөөц дата төвийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийг, хувьцааныхаа 38,86 хувийг олон нийтэд нээлттэй худалдан босгохоор төлөвлөжээ. “Айтүүлс” компани хөрөнгийн зах зээлд 34.452.124 ширхэг хувьцаа гаргаж олон нийтэд 38.86 хувь буюу 13.387.980 ширхэг хувьцааг санал болгож байна. Нэгж хувьцааг 100 төгрөгөөр үнэлж, 1.338.798.000 төгрөг төвлөрүүлж Дархан хот дахь модуляр дата төвийн паркадхөрөнгө оруулах юм байна.
Д.Анар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )