Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан урьдчилгаа 30 хувийг буулгах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

Өнөөдөр Улаанбаатар хотод  87 мянган  айлын орон сууцны 450 төсөл хэрэгжиж байгаагийн 365 төсөл нь 81 мянган айлын орон сууцны, 85 төсөл нь 6205 айлын амины орон сууцны төсөл хэрэгжиж байна. Зөвхөн орон сууцны төслийн тухайд авч үзэхэд, 87 мянган айлын орон сууцны 365 төслөөс 33 мянган айлын орон сууцны  219  төсөл нь захиалга авч байгаа бол, 37 мянган айлын орон сууцны  103 төслийн захиалга эхлээгүй, 10 мянган айлын орон сууцны 43 төсөл түр зогссон байна.

Шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ  3-р улирлын байдлаар 2,067,8 мян.төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 1,7 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл шинэ орон сууцны борлуулалт өнгөрсөн оны 3-р улирлын борлуулалттай харьцуулахад  24,7 хувиар буурчээ.

Ийн борлуулалт буурсан нь ипотекийн зээл олголт хумигдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэж байна, тэр хэмжээний мөнгө найман хувийн  зээлд зориулагдана гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 650 орчим айлд шинээр ипотекийн зээл олгож байгаа юм. Энэ тоог өмнөх онуудтай харьцуулбал нэг дахин буурсан үзүүлэлт. Түүнчлэн "Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа" гэж Монголбанкнаас мэдээлж байгаа боловч арилжааны банкуудын дийлэнх нь шинээр зээлийн хүсэлт хүлээж авахгүй байгаа талаар иргэд ярьж буй талаар бид хэдэнтээ хөндсөн.

Урьдчилгаа төлбөр 30 хувийг хангаад ч орон сууцны зээлд хамрагдъя гэхнээ зээлийн шалгуур өндөр. Мөн хүсэлт хүлээн авч байгаа цөөн банк нь өөрийнхөө зээлдэгч компанийн хэрэгжүүлж байгаа төслөөс орон сууц худалдан авах тохиолдолд шийдэгдэнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь  ихээхэн хүндрэл учруулж буй. Гэтэл нөгөө талд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хэсэг бол  зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй байгаа иргэд юм. Иймд Засгийн газар урьдчилгаа 30 хувийг бууруулах талаар судалж иргэддээ уян хандахгүй бол зах зээлд шинээр баригдсан шинэ орон сууцнууд эзнээ хүлээсээр элэгдэлд орох нь холгүй гэхэд болно.

Барилга  Хот Байгуулалтын сайдаар шинээр томилогдсон  Х.Баделханд иргэд ихээхэн хүлээлт тавьж буй. Учир нь тэрбээр сайд болсон даруйдаа  "Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг тодорхой хэмжээгээр багасгах боломж нөхцөлийг судалж, энэ чиглэлд анхаарч ажиллана" гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, “Цаашид ипотекийн зээлийн асуудлыг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна.
Хамгийн түрүүнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийднэ. Өмнө нь Монголбанкнаас эх үүсвэр гардаг байсан ч ОУВС-тай хийсэн гэрээгээр боломжгүй болсон юм билээ. Тиймээс зээлийн эх үүсвэрийг шийдэх гарцыг хайна. Одоо хүртэл ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүс бол зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй байгаа хүмүүс гэж ойлгож болно. Тиймээс ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг тодорхой хэмжээгээр багасгах боломж нөхцөлийг судалж, энэ чиглэлд анхаарч ажиллана" гэсэн юм.

Шинэхэн сайдаа  хэлсэн ярьсандаа  хүрэхийг нь харах л үлдлээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.86) 2017 оны 11 сарын 08

#ЗАЛУУ_ГЭР_БҮЛЭЭ_ДЭМЖИХ_ХЭРЭГТЭЙ_БАЙНА. Сар дарааллаад хамт олноос минь 2 бүсгүйн хүүхдүүд гэртээ халуун тогоотой хоолонд түлэгдлээ.Хичнээн залуу гэр бүл эрүүл мэнд, сэтгэл санаа, хөрөнгө мөнгө,цаг заваараа хохирч байна.Бидний бяцхан үрс өвдөж,арьс нөхөх хагалгаанд орж байгаа нь хамгийн харамсалтай.2ээж маань 2 лаа нийгмийн даатгалаа төлдөг бүсгүйчүүд ,нөхрүүд нь нэг нь хувиараа лангуу ажиллуулж нэг нь үсчин хийдэг.Гэвч эдгээр залуу гэр бүлүүдэд байранд орох урьдчилгаа байхгүй. Залуу гэр бүлүүдээ орон сууцжуулах, хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилаа санаа амар хийх боломжоор хангах хэрэгтэй байна

0  |  0
Хүүг бууруулаачээ(66.181.178.114) 2017 оны 11 сарын 05

Ийм иргэдийг шулсан 8 хувийн зээл гэж юу байдгийн. Хүүг жилийн ядахдаа 5-6 хувь болгох хэрэгтэй ш дээ

0  |  0
Top