Грек улсын Ерөнхий сайд мэргэжлийн бус Э.Венизелос гэгчийг Сангийн сайдын суудалд залсан билээ. Мань Э.Венизелос “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн сургаалийг баримтлан, Европын холбоо болон ОУВС-гаас олгож магадгүй байгаа 70 тэрбум еврог олж ирэхийн тулд эхлээд өөрсдөө сайн бэлтгэлтэй байх ёстой гэж үзсэн байна. Зээлээр ирсэн хөрөнгийг зайлшгүй бус хэрэгцээнд зарцуулбал төлж чадахгүй нь ойлгомжтой тул хэрэгтэй байгаа хөрөнгийг зарим нэг хэсгийг өөрсдөө гаргах боломжийг хайж эхэлжээ. Грек улсын Засгийн газар зээлдүүлэгчдийн шаардлагыг хангахын тулд хэдэн өмч хувьчлалыг өргөн далайцтайгаар явуулах ажилд бэлтгэж байна. Өмч хувьчлалт өртөх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нисэх онгоцны буудал, хурдны зам, төрийн өмчит компани, банк, үл хөдлөх хөрөнгө зэрэг орж байна. Мөн томоохон аж ахуйн нэгжид эзэмшдэг хувьцаагаа ч арилжих ажээ.
Европын холбооны улсуудын Сангийн сайд нар Грекийн Засгийн газарт хоёр дахь шатны зээл тусламжийг өгөхөөр шийдсэн ч Афинд тавих болзлоо улам чангатгасан юм. Болзол ёсоор 71 тэрбум ам.долларын хөрөнгийг өмч хувьчлалын замаар босгох ажлыг төсвийг хумих арга хэмжээтэй зэрэг явуулах ёстой болж байгаа юм. Бүхэл бүтэн улсын хэмжээнд даван туулахад хүнд хүчир шинэтгэл нь Грекийн хямралд орсон төсвийн алдагдлыг багасгахад чиглэгдэж байгаа ч, татварыг нэмэгдүүлэх, өнөө хэр нь маш өндөр ажилгүйдлийн хувьтай байгаа улсад төрийн албан хаагчдыг үй олноор нь цомхотгохоор төлөвлөсөн нь нийгэмд айдсыг төрүүлж, эсэргүүцлийг дэвэргэж байна. Грекийн өрийн хямрал зөвхөн улсдаа хүндрэл үүсгээд зогссонгүй Европын мөнгөн тэмдэгт еврогийн ханш, хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлсөн билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
dan gants yaagiinuudaaraa amjihgui n l dee huurhiii