Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2017 оны 11 сарын 23

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.22) хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр тогтов. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа 2017 оны хаврын тариалалт төлөвлөсний дагуу явагдсан боловч 05 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалангийн ихэнх бус нутгаар огт хур тунадас ороогүй, нарны хэт халалт явагдсан нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, улмаар 2017 онд хураан авахаар тооцоолсон ургацын хэмжээг үлэмж бууруулсан.

2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд  дутагдах 225,0 мянган тонн улаанбуудайг импортоор авч нөөц бүрдүүлэх тооцоо гарч байна. 2018 оны тариалалтад нийт 60.0 мянган тонн үрийн буудай шаардагдах тооцоо гарч байгаа бөгөөд энэ намрын ургацаас 30.0 мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцөлсөн байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ургацаас 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлээд байгаа бөгөөд 6.0 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж байна. Өвс, тэжээлийн хангамжийн тухайд 2017 онд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тонн хүчит тэжээл дутагдалтай байгааг онцлов.

Цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг тус тус Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулсан гэж Б.Батзориг сайд танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Г.Тэмүүлэн, З.Нарантуяа нар  асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас болоод ургац алдсан, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор түр хугацаагаар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул аймаг орон нутгуудад улаанбуудай, өвс, тэжээлийн хуваарилалтыг жигд, шударга хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд анхааруулж байлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

Уг хуулийн төсөлд гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөх, хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэхээр тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд З.Нарантуяа гишүүн танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.11.67) 2017 оны 11 сарын 23

Талбайгаа усалдаг болгоочээ, Хавар урсаад гараад явчихдаг усаа хашаад нуур цөөрөм болгож болдоггүй юмуу баруун аймгийн уулын цас мөс хайлаад ирэхээр нь хашаад нааш нь урсгаж болмоор юм Эрдэмтэн мэргэдээсээ асуучээ

0  |  0
bold(103.212.118.121) 2017 оны 11 сарын 22

BAINGIIN HOROOD SUULD ORDOG BSIGUULLAG

0  |  0
Top