Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2017 оны 11 сарын 29

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Дараа нь  Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан санал хэлэв. Тэрбээр, ОХУ-аас саяхан нэг боодол тэжээл 1900 төгрөгөөр авч байсан бол одоо 6000 төгрөгийн үнэтэй болжээ. Салбарын яамны ажлын хурдаас болоод Ховд аймгийн малчид үнэтэй тэжээл авахад хүрээд байгаа уг асуудлыг анхааралдаа авахыг сануулж байв.

Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь  нь дэмжсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top