Банкнаас бусад санхүүгийн салбаруудад үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нийт 2600 гаруй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Зах зээл тус бүрийг зохицуулсан хууль, журмуудын дагуу аж ахуйн нэгжүүд улирал тутмын дэлгэрэнгүй тайлангаа 20 хүртэл хоногийн хугацаанд ирүүлэх, тэдгээрийг Хорооны бодлогын газар тус бүрд хянах, улмаар Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэст нэгтгэн дүгнэхэд тодорхой хугацаа шаардагддаг.
Өнгөрсөн долоо хоногт банкнаас бусад санхүүгийн салбаруудын тайлангийн гуравдугаар улирлын нэгтгэл эцсийн байдлаар гарлаа. Нийт эдийн засгийн төлөв байдал ажиглагдахуйцаар сэргэж байгаа болон Хорооноос тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах бодлогын арга хэмжээнүүдийг хүндрэлтэй үед мөчлөг сөрсөн байдлаар шат дараатай авсны үр дүнд банкнаас бусад санхүүгийн салбаруудын үйл ажиллагааны идэвх илэрхий сэргэсэн нь нэгтгэлээс харагдаж байна.
Тухайлбал, Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоо өмнөх оны мөн үеэс 6825 нэгжээр буюу 45.9 хувиар өссөн бол арилжааны дүн хоёр дахин нэмэгдэж, 208.5 тэрбум төгрөгт хүрлээ. ҮЦТХТ-д энэ улиралд нийт 12964 данс нээгдсэний 10689 нь шинэ, 2275 нь холболтын данс байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.08 их наяд төгрөгт хүрснийг өмнө мэдээлсэн бөгөөд үүний 2016 оны эцсийн байдлаарх ДНБ-тэй харьцуулсан харьцаа 8.7 хувь болсон нь жилийн өмнөхөөс 2.7 пүнктээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хувьцааны зах зээл дээр ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 60.9 хувиар, MSE-ALL индекс 29.9 хувиар өссөн бол бондын зах дээр Засгийн газрын үнэт цаасны 169.5 тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн, 29.6 тэрбум төгрөгийн хоёрдогч зах зээлийн арилжаа хийгджээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Банкуудад аудит хж бгаа гадныханы дугнэлт ямар гарч шуугиан дэгдээх бол доо, арилжааний ихэнх банкууд шаардлага хангахгуй яана даа яана.