УИХ дахь Ардчилсан намын бүлэг Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар тэргүүтэй нэр бүхий гишүүд боловсруулан өргөн барьсан.
Хууль санаачлах болсон үндсэн шаардлагын тухайд банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдлийг бууруулах; банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах; албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх; албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдлийн түвшинд үндэслэдэг байх; бусад зохицуулалт зэрэг агуулгаар хуулийн төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үндсэн зургаан асуудлыг тусгасан байна. Тухалбал,
1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх;
2. Банкинд хяналт тавих Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Үүнд, банкны активын чанарыг үнэлэх, эрсдэл даах чадварын шинжилгээ хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, эрсдэлийн сан, бусад шалгуур үзүүлэлтийг банкны хувьд ялгамжтай тогтоох зэрэг багтана.
3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “банкийг тогтворжуулах төлөвлөгөө”-г боловсруулан Монголбанкинд ирүүлэх банкны үүргийг шинээр тодорхойлж, банкны эрсдэлийн түвшин тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд Монголбанкнаас авах “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний төрлийг тогтооно.
4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлно.
5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.
6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөлд дурджээ.
Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно" гэж тусгажээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 2 )
NEGMOSON OORCHILMOOR YYM
банкны зээлийн хүүг бууруулж өгөөчээ ард түмэн үүнийг л хүсэж бнааа