Эдийн засгийн байнгын хороо хуралдав

2017 оны 12 сарын 21

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2017.12.20) хуралдаан 15.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн ажлын хэсэг идэвхтэй, нухацтай ажилласан болохыг гишүүдэд дуулгасан бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг Б.Ундармаа гишүүн гаргав. Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгааг Байнгын хорооны дарга дурдаад эдгээр төсөл нь салбарын эрх зүйн суурь зохицуулалт болох тул нухацтай ажиллах нь зүйтэй гээд хэлэлцүүлгийг хойшуулахаар шийдвэрлэлээ. 

Ийнхүү хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулав.


Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусган, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

Төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжлээ

Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцууллаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 19 хуулийн төслийг боловсруулжээ. Мөн хуулийн төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан байна.


Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, түүний бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллуулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан гэлээ. Үүнээс гадна одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу олгосон тохирлын үнэлгээний итгэмжлэл нь гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх тухай заалт буюу шилжилтийн хугацааны зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг, хууль батлагдсантай холбогдуулан үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулж, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулж батлах, хуульд заасан дүрэм, журмыг 2018 оны  дугаар улиралд багтаан шинээр болон шинэчлэн батлах зэрэг зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.6 дахь хэсгийг үндэслэн холбогдох байнгын хороод тус тусын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэж, дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлсэн гэлээ. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг Ажлын хэсгээс гаргаж буйг Д.Тэрбишдагва гишүүн танилцууллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.6 дахь хэсгийг үндэслэн Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслүүдийг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Төсвийн байнгын хороо Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцсэн талаар танилцуулав.

Танилцуулгуудтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Ажлын хэсгийн горимын саналаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж, энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top