Монголын шилдэг, мастер цаг засварчдын 80 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Монгол Улсад Үйлдвэрлэлийн Хоршоолол 1931онд үүсгэн байгуулагдаж ажилласнаас хойш анх 1937онд албан ёсоор “Цаг засварын Үйлчилгээ” улсын нийслэлд ажиллаж эхэлснээр энэ үйлчилгээний он цаг тоологдож ирсэн. Энэ онд цаг засварын үйлчилгээ үүсч бий болсны 80н жилийн ой тохиож байна.

 1937онд Сэлбийн гүүрний дэргэд Буриад Тагар гэх хүн  “Цаг засварын Үйлчилгээ” үйлдвэрлэл Хоршооллын үндэс суурийг тавьж нээсэн гэж тэмдэглэсэн байдаг аж. Улмаар 1958 оноос “Урт цагаан” гэж нэрлэгдэх ахуй үйлчилгээний төв байгуулагдсан байна. Тус төвд бугуйн, ширээний, ханын цагнуудыг засварлах үйлчилгээ бий болсон юм. Цаг засварчдыг 1974 он хүртэл дотооддоо курс дагалдангаар бэлтгэн сургадаг байсан ба 1974 онд ЗХУ-д анхны 25 залуусыг техник мэргэжлийн сургуульд суралцуулж бэлдсэн байдаг. Залуус сургуулиа 1976 онд төгсч эх орондоо ирээд  18 аймаг, 3 хотод хуваарилагдан ажилласан байна. Энэ цагаас хойш ЗХУ-д 5 удаагийн төгсөлтөөр нийт 150гаруй цаг засварчдыг бэлджээ. 1982онд Москва хотод, 1987 онд Берлин хотод мэргэжил дээшлүүлэх боломж манай шилдэг цагчдад гарч мэргэжлээ амжилттай дээшлүүлж чадсан байдаг. 1990 Онд зах зээлийн системд шилжиж, Урт цагаан хувьчлагдсанаар цаг засварчид маань ажлын байргүй болж подвалд, дэлгүүрт түрээсээр ажиллах болсон түүх ч бий.

1999 онд Ч.Сүрэнхорын санаачлагаар ангийн нөхдийн дэмжлэгээр Монголын Цаг Засварчдын Холбоог байгуулсан нь Монголын цаг засварын түүхэнд томоохон хувьсал хийсэн юм. Холбооны анхны тэргүүнээр Б.Норолхоо, гүйцэтгэх захирлаар ч.Сүрэнхор ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа цаг засварчдын эрх ашгийг хамгаалах, дуу хоолойгоо хүргэх мөн цаг засварчдын хөдөлмөрийг үнэлэх ажлуудыг зохион байгуулсан байдаг. “Монголын цаг засварчдын холбоо” нь “Монгол Улсын Мастер Цаг Засварчин” цол тэмдгийг бий болгож засгийн газар энэхүү цолыг олгож эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус холбоо нь долоон мастер цаг засварчинтай болсон юм. Мөн УИД, Наран Молл зэрэг дэлгүүрүүд нь үлгэр жишээ цаг засварын  салбартай аж.

Тус холбоо 80 жилийн ойн баяраа угтаж Монгол Улсын Мастер цаг засварчин Щвейцарь улсын үйлдвэрээс олон зуун жилийн түүхтэй гар аргаар угсарсан цагийг Монголдоо оруулж ирэн, “Max Mall”, “Sky” их дэлгүүрүүдэд худалдаалж байна. Мөн үлгэр жишээ хоёр цаг засварын салбар байгуулан амжилттай ажиллаж байна. Цаашид тус холбоо нь Цаг засварын үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилготой юм. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.8) 2017 оны 12 сарын 22

Найз Сүрэнхорол болон бүх цаг засварынханд баярын мэнд хүргэе

0  |  0
Top