Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл хуралджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийн ээлжит хуралдаан  болжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нараас бүрддэг тус Зөвлөлийн хуралдааныг гурван гишүүн ээлжлэн даргалдаг юм.

 Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн даргалан явуулсан энэ удаагийн хуралдаанаар “Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм” болон хөндлөнгийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Дотоодын арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах боломж”-ийн талаарх судалгааны тайланг хэлэлцжээ.

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, тус тусын эрх, үүргийн хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход Зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол сонсон, солилцож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулдаг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top