Улсын хэмжээнд шатахуун 38 хоногийн нөөцтэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйл бол шатахууны үнэ. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ өсч, буурахтай зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд төдий чинээ өөрчлөлт гарна гэсэн үг. Мэдээж, ард иргэдийн амьдралд бараа, бүтээгдэхүүний үнэ буурах нь сайн нөлөө үзүүлнэ. Иймээс ч аливаа улсын Засгийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, болж өгвөл бууруулахыг зорьж ажилладаг. Харин манай улсын Засгийн газар энэ жишгээс эсрэг ажилладаг нь хачирхалтай. Ард иргэдийнхээ амьдралыг доройтуулах тогтоол, шийдвэр гаргадаг ганцхан жишээг энд дурдъя. 

 Засгийн газрын  207 тоот тогтоол. Энэ тогтоолоор 2017 оны  долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар (ОАТ)-ыг өсгөсөн байдаг. Ингэснээр Дизель түлшний ОАТ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай автобензиний онцгой албан татвар 30,000 төгрөг байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Газрын тосны бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмнэ гэдэг нь шатахууны үнэ өснө гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм. Гэхдээ тухайн үед онцгой албан татварын нэмсэн ч шатахууны үнийг өөрчлөхгүй гэсэн байр суурийг илтгэж байлаа. Гэвч өнөөдөр шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж /ялангуяа хөдөө орон нутагт/, хамгийн их хэрэглэдэг АИ-92-ыг хязгаарлалттай худалдаалж эхлэв.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? гэдэг шиг шатахууны онцгой албан татварыг нэмээгүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэх байсан уу? гээд асуугаад нэг үзээрэй.

Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмэгдсэн ч шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байгаа гэх тайлбарыг Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас өгч байгаа ч ОАТ-ын өсөлт шатахууны жижиглэн худалдаанд хойшид нөлөөлөхгүй гэх баталгаа алга. Учир нь Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Ийм байхад шатахуун импортлогчид ОАТ-ын өсөлттэй удаан эвлэрэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр яригдаад байгаа шатахууны үнийн өсөлт гэнэтийн зүйл ч биш.  Төр засгийн ард түмэндээ барьсан "Бэлэг" л юм даа. Дашрамд дурдахад, шатахууны нөөц улсын хэмжээнд 38 хоногийн хүрэлцээтэй байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгчээ. Гэхдээ үнэн ярьж байгааг нь хэн нотлох билээ..

С.Бар

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top