БНХАУ Хойд Солонгос руу цутгаж байсан “шатахууны цорго”-оо хаалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 07

БНХАУ Хойд Солонгос руу цутгаж байсан “шатахууны цорго”-оо хаалаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу дэлхийн улс орнууд БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй. Тэдгээрээс хойдууд хамгийн хүнд тусч байгаа нь БНХАУ-ын хориг болж байна. Урд хөршийн Худалдааны яамнаас баталсан БНАСАУ-аас худалдан авах, худалдахыг хориглосон барааны жагсаалтад газрын тосны бүтээгдэхүүн орсон юм. Гэхдээ бүрмөсөн хориглоогүй “Хэрвээ иргэний нисэхийн салбарт юм уу, хүмүүнлэгийн зорилгоор ашиглах бол онгоцны түлш экспортолж болно” гэсэн “зүүлт” хийж өгсөн байна. Үүний тулд БНАСАУ, БНХАУ-ын ААН тухайн шатахууныг пуужингийн түлш болгохгүй, цөмийн хөтөлбөрт ашиглахгүй гэдгээ гаалийн байгууллагад нотлох шаардлагатай аж.

БНАСАУ-ын орлогын гол эх үүсвэр болох нүүрс, алт жагсаалтад багтсан нь яваандаа тус улсын эдийн засгийг сүйрүүлэх хэмжээнд хүргэж мэдэхийг шинжээчид таамаглан бичсээр байна. Хойдууд БНХАУ-д хийх нүүрсний экспортоо өнгөрсөн жил 27 хувиар нэмэгдүүлж, 20 сая тоннд хүргээд байсан юм. БНХАУ гаднаас авдаг нүүрснийхээ хэмжээг өнгөрсөн жил 30 хувь бууруулан атлаа БНАСАУ-аас авах хэмжээгээ нэмэгдүүлсэн нь Бээжин, Пеньян хоёрын харилцааг “Дулаан байна” гэж дүгнэх шалтгаан болж байсан. Тийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригт нэгдсэн нь “гэнэтийн бэлэг” болсон юм.

Гадаад худалдааны нийт эргэлтийнхээ 80-90 хаалгаснаар БНАСАУ-ыг 60 гаруй жил засагласан эцэг хүү Кимүүдийн ноёрхол эцэс болно гэж таамаглахад улам амархан болж байна. АНУ-аас ОХУ-д суух Элчин сайд энэ удаагийн хориг олон улсын зүгээс сүүлийн 20 гаруй жилд тавьж байсан хоригоос хавьгүй илүү чанга байх болно гэсэн нь үүнийг баталж байгаа юм. Түүний хэлснээс үзвэл АНУ БНАСАУ-д дахин шинэ хориг тавихаар бэлтгэж байгаа аж.  

БНХАУ ийнхүү БНАСАУ-тай хийх худалдаагаа бүрэн зогсоосон ч транзит буюу дамжин өнгөрөх тээврийн хувьд ямар ч асуудал гарахгүй гэдгийг Хятадын тал онцолж байна. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээлэхдээ “Хэрвээ хориг дамжин өнгөрөх тээвэрт хамаатай байсан бол Монгол Улсын эрх ашигт эрсдэл үүсэх байлаа. Учир нь, далайд гарцгүй монголчууд БНАСАУ-ын Насон боомтыг түрээсээр ашиглах гэрээ байгуулсан юм” хэмээн бичсэн байв.

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xujaa(27.123.212.143) 2018 оны 01 сарын 07

Xujaa odoo l jinhene ynen sanaagaa gargaj ehellee dee,zovox tsagt noxoriin chanar tanigdanaa gej

0  |  0
Top