Чамгүй хугацаанд өрнөсөн эдийн засгийн хямралыг өөрсдөө илааршуулж чадахгүй учраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх УИХ-ын шийдвэр гарсан. Тиймээс бид өнөөдөр төсөв хөрөнгөө өөрсдийн дураар зарах эрхгүй болчихсон сууж байна. Өндөр сэнтийд залран зарлиг үйлдэж байгаа ч төсвөө бүрэн дүүрэн захирч чадахгүй ихэс дээдэстэй гээд ойлгочих, түмэн минь.
Дэлхийд тэргүүлэх баялагтай улс орны тоонд зүй ёсооор багтдаг гуравхан сая хүн амтай өргөн уудам Монгол Улс яагаад ийнхүү төсөв хөрөнгөө харийн мэдэлд өгөх болсон тухайд дурдах гэвэл цаг цаас барагдахгүй биз ээ. Ихэнх хүмүүсийн хардаж ойлгож байгаа шиг хэдхэн хүн хуваагаад идчихсэн гээд эцэс төгсгөлгүй үлгэрийг би ч та ч бүрэн эхээр нь ярьж чадах учраас хойш тавьж байна. Монгол Улс олон улсын зах зээл дээрээс зээлж ирсэн мөнгөний тоо 24 тэрбум ам.долларт хүрчихсэн. Тэгэхээр хүнд зээлүүлсэн мөнгөө зээлдүүлэгч этгээд ямар нэгэн аргаар авч л таарна. Энгийнээр хэлбэл, манайд өгсөн мөнгөө авахаар ОУВС хэмээх нөхөр орж ирээд суучихсан гэж ойлгож болно. Ерөнхийлөгч Х.Баттулгын тайлбарлаж байгаагаар “ОУВС бол Шүүхийн шийдвэр” юм. Тэгэхээр бид өөрийн эрхгүй энэ айлын дүрэм журмыг дагаж байж өрнөөс сална гэсэн үг.
Бид ОУВС-гийн хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байгаа улс ч биш. Урьд өмнө амжилттай хэрэгжүүлсэн хэмээн бахархаж суугаа эрх мэдэлтэн Төрийн ордонд олон бий учраас хямралаас гарна гэдэгт л найдах үлдсэн. Гурван сая иргэнээ төлөөлдөг 76 гишүүн Хууль тогтоох дээд байгууллагын танхимд суун хууль санаачилдаг, бас батладаг. Энэ байгууллага Засгийн газраа томилдог, Засгийн газар нь бусад яам агентлаг газраа тэргүүлэх эрхмүүдийг тодруулдаг гээд бүгд дэс дараатай, хууль дүрэмтэй. Хамгийн гол нь иргэд бид УИХ-ыг бүрдүүлж байгаа 76 эрхмийг өөрсдийн итгэл үнэмшлээр сонгон ажиллуулдаг. Бид өөрсдөө л удаа дараа энэ сонголтыг хийж ирсэн. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан. Элгээрээ хэвтсэн эдийн засагтай улс орон хүлээн авсан засаглагчид ОУВС-гийн хөтөлбөрийг оруулах нь зөв гэж үзснээр энэ асуудал шийдэгдсэн гэж болно. Нөгөө талаар бид оюун ухаан, хүч чадал хүрэхгүй асуудал тулгарчээ. Тиймээс айлаас хүн авчирч хийлгэхээс өөр аргагүй гэсэнтэй агаар нэгэн зүйл. Өөрсдөө орлогоо зөв бодлогоор олоод өр зээлээ төлчихдөг бол хаанаас ийм зүйл болох билээ.
Харийн байгууллагад төсөв хөрөнгөө зарцуулах эрхээ өгчихсөн бид одоо цалин бага байна, татвар өндөр байна, амьдрал ядуурч байна гэх зэрэг олон шалтгаан тоочоод тус болохгүй. Хямралаас хурдан гарч, ОУВС-гийнхан буцаасай гэж залбирах л үлдсэн. Иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа нэг зүйл нь энэ оны эхний өдрөөс шинээр долоон төрлийн татвар нэмэгдсэнд буй. Төрийн оршин буй утга учир бол татвар шүү дээ. Монгол төрийн төсвийн орлогын 80 орчим хувийг татвар, үлдсэн хэсгийг нь өөр эх сурвалжаас бүрдүүлдэг гэхээр гарцаагүй татвар нэмж байж сая эдийн засаг илааршина. Тэгэхээр татвар байж гэмээнэ Монгол Төр оршин тогтнох юм байна гээд ойлгочих. Тиймдээ ч их эзэн хаадын үеэс “Татвар буй дор төр оршино” хэмээсэн буй заа. Өөрөөр хэлбэл, бид бүсээ чангалахаас өөр аргагүй цаг үед амьдарч байна. Яагаад гэхээр цалин нэмэхгүй, халамжийн чиглэлд мөнгө олгохгүй, татвар нэмнэ гэдэг чинь та бидний сонгосон чадваргүй хүмүүсийн бодлого санаачилга биш шүү дээ. Энэ бол ОУВС-гийн бодлого шийдвэр юм. Тэгэхээр бид цалин нэмүүлэх тухай эсэргүүцлээ Засгийн газарт бус ОУВС-д үзүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Өчигдөр гэхэд унтаж байсан Үйлдвэрчний эвлэл гэнэт нойрноос сэрээд хартал татвар нэмчихсэн, тэр нь хэрэгжээд эхэлчихсэн бололтой юм. Тэд татвар нэмэгдүүлэхийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулна гээд үзэж байна. Уг нь үе үеийн Үйлдвэрчний байгууллагыг гайгүй оюунлиг, боловсролтой нөхөд удирдаж ирсэн санагдана. Хамгийн тааруу нь С.Ганбаатарыг байлаа гэж бодож суутал түүнээс долоон дор Амгаланбаатар гэж нөхөр байгааг энэхүү үйлдлээр олж мэдлээ. Тэгэхээр Х.Амгаланбаатар даргын тэргүүлэх энэ жагсаал ОУВС-гийн үүдэнд болох учиртай. Түүнээс бус Төрийн ордныг гороолж харьд төсвөө мэдүүлчихсэн дарга нарынхаа сүүлийг хавчуулах хэрэг алга.
Мөнхүү энэ үйл явдалтай дөрөө харшуулсан нэг зүйл нь сөрөг хүчний дарга С.Эрдэнэ долоон татвар нэмсэн учраас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, тэмцлийн бүх хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Тэр ч бүү хэл УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна хэмээн хилэгнэсэн байхыг мэдээллээс харлаа. С.Эрдэнийн зоргоор тардаг УИХ гэж хаа ч байхгүй. С.Эрдэнийн зоргоор хямарсан Монгол Улс хэрэгжээд эхэлчихсэн хөтөлбөрөө гаргана гэж үгүй. Тэгэхээр арай бодит тэмцэлийн замыг С.Эрдэнэд зааж өгөх нь чухал. ОУВС-гийн хөтөлбөр орж ирэх шалтгааны нэг нь өөр гэдгийг ч санахад илүүдэхгүй. Өнгөрөгч 2016 онд АН-ыг Засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрчихсэн байсан бол дөрвөн жилийн дараа МАН засгийн эрх авахад дөнгөж хочр хувьтай байсан. Тэгэхээр энэ нь хямралын шалтгаан биш үү. С.Эрдэнийн тэргүүлж байгаа нам яаж ажилласан болохоороо дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өсөлтийг 17 хувиас хоёр хувьд авчирч чаддаг байна вэ. Тэгэхээр С.Эрдэнэ хэзээ ч бүтэхгүй УИХ-ыг тараана хэмээн улстөржиж байхаар ОУВС-г тараах тухай НҮБ-д эсэргүүцэл гаргавал зохилтой.
Үйлдвэрчний эвлэлийн Х.Амгаланбаатар мэт ч дүүрсэн хэрэг, өөрөө хамт самарсан эдийн засгийг сэргээх үндэсний хэмжээний хөтөлбөрийн эсрэг босч байгаа С.Эрдэнийг яаж ойлгох вэ. Өнөөдөр Монгол Улсын гадаадад төлөх 24 тэрбум ам.долларыг МАН, АН хоёр ээлжлэн буюу хамтран засаг барихдаа тавьсан л өр шүү дээ.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Эрдэнэёстлй л Чоно борооноор гэгчийн үлгэрболж байна. Үнэхээр шудрага юмбол монголоо гэдэг байсан бол өөрийн чинь удирдаж байгаа намын нөхдийн балгаас болж улс маань ОУВС гэгчийн гарт орсныг үгүйсгэж солио мэдрэл муутынзан гаргах хэрэггүй дээ
Ouvs.iin gol zorilgo buurai ulsiig argatsaaj bgad zalgih shuudeeee. Grek ulsiig yaalaa daa
olon ulsiin valuytiin san bol mongoo osgoj bgaa lyiwarcnid shyy dee. europ bol bgaliin baylag bhgyi heden omhii huucnii baishinguud texnologi 2 ooroo l amidarcn bgaa. gazar nutag bagahan .. hyn am ihtei. tegeed cn bagliin baylag ihtei mongol tednii huwid saihan idesh bogood mongoo naidwartai osgoj awaxiin tuld eldew tulgan shaardlag yawuulj bgaa hereg .
ОУВС ард иргэдийн татварыг нэм гэж төвдөөгүй.МАН эрсдэлд орохоороо ард иргэдийнхээ эсрэг чиглэсэн арга хэмжээг авч байна.Иймд АН ОУВС-хандаж ард иргэдийн татварыг яагаад нэмсэний учир шалтгааныг тодруулах нь зөв.Хэрэв ОУВС ард иргэдийн татварыг нэм гэж зөвлөөгүй бол МАН цэвэр бурууг үүрч ард иргэдээ хуурсан тул эцсийн хариуцлагыг тооцох болно
ОУВСан гэдэг чинь авралын од биш л байх шүү.... буурай улсыг өрөөр хэвтүүлдэг .....дэлхийн засгийн газрийн гар хөл биз дэээ ... битгий Ард түмнийг мунхруулаад бай....
Tolbo guai taniihaar bol turd garch l baival ergeed yamar ch argaar hamaagvi hudlaa yarj huurch hutgaj vvmvvlj bolno gesen vg vv jinhen nerendee taarsan niitlegch baina daa ta
ОУВС САН БУРУУТАЙ БИШ ШҮҮ ДЭЭ ТЭД ЗАРДЛАА БАГАСГАХ ОРЛОГОО НЭМЭХ САНАЛАА ОРУУЛ ГЭХЭД МАНАЙ ХЭЛТГИЙ ХЭЛТ ОГЦОРСОН ЗАСАГ ӨӨРСӨНДӨӨ БИШ АРД ТҮМЭНД ТАТВАР НООГДУУЛАХААР Л ХИЙСЭНД ХАМГИЙН АЙМШИГТАЙ ЗЭВҮҮН САНАА НЬ БАЙГАА ЮМ ТЭДНИЙГ ОГЦРУУЛАХ ТӨДИЙ БИШ БҮР ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ