Татвараа нэмэхийн оронд далд халаасаа ухвал яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Монгол Улсын татварын орчин хоёр хөршөөсөө хамаагүй таатай. Гэтэл өнөөдөр далд эдийн засаг хөгжсөн улсын тоонд оржээ. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанд манай улсын далд эдийн засгийг ДНБ-ий 30 хувьтай тэнцдэг гэж үзсэн нь бусад улс оронтай харьцуулахад өндөрт тооцогдож байгаа юм. Далд эдийн засгийг ил гаргахын тулд татварын өршөөл үзүүлэх, татварын шатлалыг бууруулах зэрэг янз бүрийн арга хэрэглэсэн ч хангалттай үр дүн гаралгүй өдийг хүрлээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч мөн ийм зорилгоор батлагдсан. Нууж хаасных нь дараа өршөөж хэлтрүүлэх нь нэг арга байж болох ч нууж хаах боломжийг үгүй хийх, шударга болгох нь далд эдийн засгийг ил гаргах, татварын орлого нэмэгдүүлэх хамгийн зөв гарц юм.

Өнөөдөр Монгол Улсад татварын шударга тогтолцоо үйлчилж чадаж байна уу гэсэн асуултад “Үгүй” гэж хариулах хоёр шалтгаан байна.

Жирийн ажилтнаас бага татвар төлдөг ААН-үүд

Монгол Улсад орлогын албан татвар төлөгчөөр бүртгэлтэй 143 805 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжээс 25000 нь татвар төлж, 2.84 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Гэвч энэ мөнгөний 90 гаруй хувийг ердөө 500 хүрэхгүй аж ахуйн нэгж бүрдүүлжээ. Шилдэг татвар төлөгч тодруулах ёслолын ажиллагаан дээр албаны хүн “Эрдэнэт”, Эм Си Эс” групп тэргүүтэй “Топ 100” аж ахуйн нэгжийн төлсөн татвар гэхэд л 2.5 их наяд төгрөгтэй тэнцэж байна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр, бусад бүх аж ахуйн нэгжүүд нийлээд 384 сая төгрөг л татварт төлсөн болж таарах нь. Эндээс үзэхэд, эдийн засгийн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч цалингаас өөр орлогогүй иргэдээс бага татвар төлдөг компаниуд хэтэрхий олон байдаг ажээ. Үндэсний статистикийн хорооны судалгаанд улсын хэмжээнд дундаж цалин 844 мянган төгрөг байна гэжээ. Ажил хийж байгаа хүн бүр сард 84.400 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлдөг гэсэн үг. Цалин хөлс ба түүнтэй адилтгах орлогод ногдуулсан татвараар өнгөрсөн жил 442.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 621.4 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татварын албанд зориулан хуурамч тайлан гаргах нь элбэг. Орлогын албан татвар бүрдүүлэлт багасах үндсэн шалтгаануудын нэг нь энэ.

 Орлого тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ

Орлого тодорхойлох боломжгүй аж ахуй үйлчилгээнд ногдуулах татвар буюу зүгээр л “Патентын” гэж нэрлэдэг татвар бий. Аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулсан аливаа гэрээгээр зохицуулагдаагүй төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутагт байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн энэ татварыг төлөх ёстой.

Хэмжээ нь Улаанбаатар хот, орон нутагт  харилцан адилгүй. Улаанбаатар хотод гэр ахуйн зориулалттай техник хэрэгсэл засварлах үйлчилгээ эрхэлбэл 4500, алт мөнгөний дарх хийдэг бол 8-16 мянга, гэрэл зургийн үйлчилгээ явуулдаг бол 7000, видео, аудио бичлэг хуулж худалддаг бол 10 000 төгрөг гэх мэтээр тогтоож өгчээ. Орон нутагт энэ хэмжээ 2-3 дахин багасна. Үсчин гоо сайхан, гуанз, цайны газар буфет, билльярд тоглуулах , авто зогсоол ажиллуулах ажил үйлчилгээ ч мөн энэ хуулиар зохицуулагддаг юм. Тоо хэмжээний хувьд авч үзвэл, лангуугаар худалдаа хийгч иргэд жинд дардаг байна. Орлого тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгчдэд ногдуулах татвар нь дэндүү бага учраас худалдаа наймаа эрхлэгч иргэд хэдэн зуун саяар эргэлдэх хөрөнгөтэй болсон ч гэсэн хуулийн этгээд бололгүй, дээрх хуульд хамаарагдаж явахыг илүүд үздэг. Ихэнх нь огт төлдөггүй. Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 40 хувь нь татвар төлдөг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 60 хувь нь далд эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэсэн үг.  

Их мөнгө эргэлддэг, хот, хөдөөгүй зорьж очиж үйлчлүүлдэг хоёрхон газраар жишээ авья. Төлбөр өндөртэйгөөрөө нэртэй “Орчлон” сургуульд суралцдаг төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд “Нарантуулын наймаачдын хүүхдүүдтэй цуг сурахгүй” хэмээн бослого дэгдээх шахан сандаргаж байсан түүх бий. Зах дээр хувиараа наймаа худалдаа эрхлэгчдийн дунд чинээлэг иргэд олон байдгийг энэ явдал харуулсан. Гэтэл яг тэр үед Нарантуул захад худалдаа эрхэлдэг 6000 гаруй наймаачдаас 23 нь л орлогоороо буюу сард 18-23 мянган төгрөгийн татвар төлж, бусад нь 6000 төгрөг төлдөг болохыг БЗД-ийн татварын хэлтсээс олж мэдээд гайхаж билээ. Нарантуул зах өдөрт хичнээн төгрөг эргэлддэг том газар билээ. Орж гарч байгаа машин гэхэд л хэдэн мянгаар яригддаг. Гэтэл 6000 төгрөгөө өгөхөөсөө өгөхгүй нь их байхыг хараад үнэхээр бухимдсан. Нарантуулаас гадна “Сандэй плаза” төвд үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй иргэдээс тухайн үед 17-хон хүн орлогоороо татвар төлдөг байв. ТЕГ-аас авсан мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд патентын татвар төлөгчдийн тоо төдийлөн нэмэгдээгүй. 2014 онд 40 468 иргэн 3.31 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Нэг татвар төлөгч дунджаар сард 7000 төгрөг төлжээ.  

Асуудлыг хэрхэн шийдэх вэ   

            Энэхүү сэдвийг хөндөхдөө хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ногдуулах татварыг нэмэх хэрэгтэй гэж  хэлэх гэсэнгүй. Харин иргэдээ сайн дураараа татвараа төлдөг болгох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэлжүүлж, татвар төлөх үүргийг өөрсдөд нь өгөх явдал бол асуудлыг шийдэх нэг гарц. Өнөөдөр татварын хэдэн зуун байцаагч өдөр шөнөгүй худалдааны төв, зах хэсч яваа. Татвар төлөгчид нь “Орлогогүй байна, орой ир”, “Сая хүнд мөнгө өгөөд явуулчихлаа маргааш яг...”, “Өнөөдөр хоёр дахь өдөр мөнгө гаргадаггүй” гэх мэтээр арга саам хийнэ. Хураасан мөнгө нь шалихгүй, 1000 иргэний татвар нийлээд найм орчим сая төгрөг. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэлжүүлээд, орлогыг нь тодорхойлох арга механизмыг нь боловсронгуй болговол энэ сектороос орж ирэх орлогын хэмжээг одоо байгаагаас нь дор хаяж 10, түүнээс дээш хэд ч дахин нэмэгдүүлэх боломж бий.    

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tra(66.181.191.25) 2018 оны 01 сарын 22

HAR TAMHINAAS ORJ IRSEN MONGIIG HURAAJ ERGELTED ORUUL

0  |  0
Зочин(65.49.68.176) 2018 оны 01 сарын 22

Татвар авч болно. Гэхдээ ард иргэд хэдий хэнжээний орлого олж байна түүнд нь таарсан татвар оногдуулах нь зүйн хэрэг. Олон хүний үг ортой гэж, манай төрийн бүтэц дэндүү том байна аа, Одоо төрд ажиллаж байгаа бүх хүн бүтэн ажлын 8 цаг бүтээмжтэй ажилладаг уу гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Төр өөрөө даахгүй том толгойгоо багасгах хэрэгтэй. төрийн албан байгууллагын дарга нар бол өөрсдөө биечлэн ажил хийдэг хүн бараг ховор, амаар ажил хийдэг хүн олширсоор байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгггүй ажил хийдэггүй хүмүүсийн орон тоо нэмэгдсээр л ....

0  |  0
Unshigch(202.9.40.181) 2018 оны 01 сарын 22

Bugdiig ni NUAT tulugch bolgoochee!!!!

0  |  0
татвар(103.229.122.38) 2018 оны 01 сарын 22

Бизнесийг 100% гэж үзэх бол бүх татвар хураамж 75-85%ийн зардал дотор багтах ёстой.Гэтэл бүх татвар хураамжийг яаж ч чихээд багтдаггүй.Иймээс л монголын бүх ААНүүд татварын өртэй байдаг байхгүй юү, төрийн албан хаагч аа.Хэрэв чи бизнес хийж үзюэл үүнийг биеээрээ үзэх болно

0  |  0
зочин(103.229.122.38) 2018 оны 01 сарын 22

монгол улсын татвар таатай юм бол Шар толгойтнууд яагаад татвараа хөнгөлүүлдэг юм бэ. Төрийн албан хаагчид бизнес хийж үзээгүй болохоор татвар өндөр болохыг мэдэхгүй л дээ. Шударгаар татвар төлөөд бизнес хийвэл ашигтай ажиллах боломжгүй. Монголын бүх ААН-үүд татварын өртэй. Жастин Капла үүний тод жишээ

0  |  0
Баяраа(103.26.194.186) 2018 оны 01 сарын 22

Хуулиар хүн бүр татвар төлөх ёстой. Үүрэгтэй. Гэтэл Монголд төлдөг нь тун цөөн. Ихэнх нь ченж нэртэй татвараас бултагчид гэхдээ ядарсан гэх нэрэнд нуугдаастай. Зүй хүн бүрээр татвар төлүүлэх ёстой. бүр өндөр. Швед зэрэг өндөр хөгжилтэй орон зөвхөн цалингаас 40 хувийн татвар төлдөг гэж: сонссон. татвар их орох тусам улс баяжина нийгмийн хамгаалал сайжирна. Улс орон маань хөгжих бус уу.

0  |  0
Ард(66.181.180.201) 2018 оны 01 сарын 22

Төрийн хэт данхар бүтэцээ багасгаж үрэлгэн байдалаа тат.татвар төлөгчдийн мөнгөөр хүнд сурталт авилгач төр төрийн алба халгиж цалгин үрж байна.

0  |  0
Цэнгэл(66.181.190.22) 2018 оны 01 сарын 22

Нарантуулын наймаачдаас хэдхэн хүн л орчлон сургуульд хүүхдээ сургадаг байх, зах дээр ажилладаг хүмүүсийн ихэнх гэр хороололд амьдардаг, бүгд банкны зээлтэй, бас байрны зээлтэй, сүүлийн хэдэн жил наймаа муудаж банкны зээлээ арай гэж төлж байгаа гэж сонссон, нэг лангуу түрээслэгч багадаа нэг хүнийг цалинжуулж байдаг, бараагаа хямд зардаг тулдаа дундаж болон бага орлоготой иргэж үйлчлүүлдэг,

0  |  0
Top