Гадаад худалдаа 1.9 тэрбум америк долларын ашигтай гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 28

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг "Өглөөний цас"  бизнес уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, оролцсон бөгөөд  хувийн хэвшлийг төлөөлж 300 гаруй бизнес эрхлэгч  оролцлоо.

Төр хувийн хэвшлийн харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилго бүхий энэхүү уулзалтыг МҮХАҮТ  хоёр жилийн өмнөөс зохион байгуулж  20 дахь уулзалтаа хийж байгаа нь энэ юм.

Энэ үеэр бизнес эрхлэгчдийн хамгийн их сонирхож байгаа Татварын хуулиудын өөрчлөлт, төрийн байгууллагуудын дарамт, хүнд сурталыг багасгах чиглэлээр хийж байгаа ажлууд, жижиг дунд үйлдвэр, томоохон аж ахуйн нэгжийг дэмжих, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга гэх мэт томоохон салбаруудад төрийн бодлого ямар байх талаар бизнес эрхлэгчдээс тавьсан асуултад Ерөнхий сайд болон түүний танхимын сайдууд хариулт өгч боломж болоцоотойг нь нэн даруй шийдвэрлэх арга хэмжээ авсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөсөн гэж дүгнэсэн.  2017 онд  манай улсын  гадаадын шууд хөрөнгө оруулалт  1,1 тэрбум доллар болж  2011 оноос хойш хамгийн өндөр өсөлтөд хүрсэн, улсын зээлжих зэрэглэл  В3 болсон,  гадаад валютын нөөц  гурван  тэрбум ам.доллар болж  2,5 дахин нэмэгдсэн,  эдийн засгийн өсөлт  5,8 хувьтай, гадаад худалдаа  1,9 тэрбум ам.долларын ашигтай,  татварын орлого 500 сая төгрөгөөс  давж биелсэн гэх мэт нааштай үзүүлэлтүүд гарчээ. Энэ бүхэн бизнесийн орчинд эерэгээр нөлөөлж байгаа ч төр засгийн тогтворгүй байдал, татварын дарамт, иргэдийн худалдан авах чадвар бурсан, зээлийн хүү, валютын ханшийн савалгаа их зэрэг хүндрэлтэй асуудлууд байсааар байна.Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ  “2016 оноос бий болсон эдийн засгийн хүндрэл бага багаар арилж дампуурлын ирмэгт тулж  хүнээр бол сэхээн амьдруулах тасагт байсан эдийн засаг 2017 онд энгийн тасагт шилжсэн.  2017 оны сүүлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт  5,8 хувьтай гарсан. Ирэх гурван жилд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж эдийн засгийг өсгөх хариуцлагатай жил. Олон улсын байгууллагууд , Дэлхийн банк 2019 он гэхэд манай улсын эдийн засаг найман хувьд хүрч өснө гэж таамаглаж байна. Сангийн яамнаас ч мөн ийм тооцоо судалгаа хийж байна. Энэ өсөлтийг хангахын тулд  төр бүх шатандаа сахилга баттай, тэр дундаа санхүүгийн сахилга батыг сахиж эдийн засгийн уналтыг зогсоож сэргээх ажлыг надад байгаа 880 хоногт багтааж хийнэ” гэсэн юм. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top