Сангийн яамнаас ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жеофф , ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.
Жеофф Готтлийбээр ахлуулсан ОУВС-ийн ажлын хэсэг өнгөрөгч сарын 24-нөөс энэ сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж Өргөтгөсөн санхүүжилийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээний яриа хэлэлцээрийг амжилттай хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн
"Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч эдийн засгаа хөл дээр нь босгоё, монголоос дайжаад байсан хөрөнгө оруулалтыг эргэн татъя, төгрөгийн ханшийг сэргээе гэдэг үүднээс ОУВС-д хамтрах хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа.
2017 онд төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан.
Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байна.
Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь боллоо.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1,6 тэрбум байсан бол өнгөрсөн онд 1,9 америк.доллар хүрч 19.7 хувиар ашигтай гарсан байна
2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.
Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг болсон байна.
Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн. Өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан.
Эдийн засагт энэ мэт эерэг өөрчлөлтүүд гарсан. Зөв арга хэмжээг авч чадах юм бол хүндрэлээс даруй гарах боломжтой гэдгийг тус хөтөлбөр харууллаа.
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дагаж орж ирж байна. ОУВС-гийн талаар хүмүүс сөрөг зүйл яриад байдаг. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр онцлон байна.
Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн явцад эдийн засагт эерэг үр дүн гарсан учраас зарим татваруудыг цуцалсан. Тухайлбал, ХАОАТ-ийн шатлалыг хуучинд буюу нэг шатлалд нь оруулсан.
Хоёрдугаарт, тэтгэврийн насны асуудал байна. Монголчуудын дундаж наслалт жилд хоёр сараар нэмэгддэг. Тиймээс тэтгэвэрт гарах насанд сонголт хийх боломжийг өгч байгаа. Энэ нь шударга ёсонд нийцсэн шийдвэр.
Дараагийн нэг асуудал цалин нэмэгдүүлэх. 2018 оны дөрөвдүгээр улирлаас инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмнэ.инфляцийн түвшинээс дээгүүр цалинг нэмэгдүүлбэл өргөн хэрэглээний үнэ өсөх хандлагатай байдаг.
Огт нэмэхгүй бол үнийн өсөлт, ханшийн уналтад иргэдийн бодит орлого идэгдээд дуусдаг.
ОУВС-тай хөтөлбөрөө Засгийн газар үргэлжлүүлнэ.
Бидэнд бий болсон энэ нааштай нөхцөл байдал, тогтвортой өсөлтийг цаашид үргэлжлүүлэх шаардлага байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Монгол Улсыг дэмжиж буй хөгжлийн түнш орнуудтайгаа хамтран ажиллах шаардлага байгаа.
Ж.Готтлийб: Монгол Улсын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа
ОУВС-гийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлийб "Монгол Улсын экспортлож буй түүхий эдийн эрэлт нэмэгдэж, эдийн засагт итгэх итгэл сайжирч байгаатай холбоотойгоор эдийн засгийн гүйцэтгэл бидний төсөөлснөөс хамаагүй сайн гарч байна. Энэ өсөлтийг дагаад дотоодын эрэлт ч нэмэгдэж байна.
2017 оны 4 дүгээр сард батлагдсан энэ хөтөлбөр нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцтай. Хөтөлбөрөөс нааштай үр дүнгүүд хэдийнэ гараад эхэллээ.
Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш гарсан нааштай үзүүлэлээс гурван зүйлийг онцолмоор байна.
Нэгдүгээрт, Ойрын хугацаанд төлөгдөх ёстой бондуудыг төлсөн, хоёрдугаарт гадаад валютын нөөц нэмэгдсэн, гуравдугаарт Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа.
Дээрх нааштай өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарлаа.
Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монгол Улсын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа.
Эдийн засгийн гүйцэтгэл сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсний дүнд дээрх нааштай үр дүн гарсан дүгнэж байна.
Гэсэн хэдий ч цаашид энэ нөхцөл байдал эерэг хэвээрээ хадгалагдана гэсэн баталгаа байхгүй. Түүхий эдийн экспортын эрэлт цаашдаа муудаж болзошгүй, мөн газрын тосны үнэ өсч байгаа зэрэг нь томоохон эрсдэл болж байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт том цочрол болж болзошгүй. Тийм болохоор энэ эрсдэлээ харгалзаж үзээд Засгийн газар энэ бодлогуудаа цаашид үргэлжлүүлэх ёстой.
Монгол Улсын Засгийн газар төсөв болон Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг өндөр, тогтвортой өснө гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэлээ.
Ш.АДЪЯАМАА
Гэрэл зураг:Ц.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 2 )
Zaaval gadni yum yarij bval zuv boldog yumuu erguu maluudiig yayadaa bz ulsiig gadnii haraat bolgoj baigaa hulgaich nartsai hariutslaga tootsoh tsag baigaa baih daa harj l baiya
Juriin irgediig ideed saihan b auu.tanar