Жеофф Готтлийбээр ахлуулсан ОУВС-ийн ажлын хэсэг нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээний яриа хэлэлцээрийг амжилттай хийлээ.
Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг хүндэрч, Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэж, хүүгийн төлбөрийн дарамтад орсноор төсвийн тэнцвэргүй байдал бий болоод байсан юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах өөр гарц байгаагүй гэж хэлж болно.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд, ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана гэж заасан.
Тэгвэл Монгол Улсад явуулсан тус хөтөлбөр "Үр дүнгээ өгч, эдийн засагт гэрэл асааж, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн" гэдгийг Сангийн сайд өнөөдөр онцлон хэллээ.
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлийб "Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, бүх үзүүлэлтүүд зорилтот түвшингээс хол давж биелсэн. Төсвийн үр дүнгийн гүйцэтгэл төсөөлж байснаас хамаагүй сайн гарсан. Тиймээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим бодлогыг нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх боломж бүрдсэн" гэв.
Ийн эдийн засаг эерэг өөрчлөлт гарсан тул энэ оны дөрөвдүгээр улирлаас инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмэхээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 2 )
mongo mongo
ОУВС авралын од юм уу эсвэл илбийн бэрд юм уу.Нэртэйгээр нь бүх тамга тэмдгээ ОУВС нд өгцгөө