Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Орхон аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсан байна. Элчин сайд Ийржи Бродский “Эрдэнэт уулын ордыг анх Чех Улсын хайгуулчид олж нээсэн байдаг. Энэ утгаараа миний бие орон нутаг дахь анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэлж байгаадаа баяртай байна. Энэ онд Чех Улсаас Эрдэнэт хотод эрүүл мэндийн бичил төсөл хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан. Мөн энэ оны дөрөвдүгээр сард Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдаан болно. Энэ үеэр Чех Улсаас Монгол Улсад хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болох “FINE EP” компанийн хэрэгжүүлж буй төсөл яригдана гэж бодож байна” гэжээ.Тус улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол тус аймагт хэрэгжиж байгаа юм. Аймгийн Засаг дарга Д.Батлут тус улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлж буй “FINE EP” компани гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг онцлон хэлсэн байна. Тус компани тодорхой тооны айлуудыг орон сууцанд оруулах, нийгмийн салбарын барилгууд буюу сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан байх ёстой. Энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
TETS 4 chehuud barisan