Монголын арилжааны банкнуудын активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй "PricewaterhouseCoopers Česká republika s.r.o." компани амжилттай хийж дуусгасан байна. Үнэлгээний ажилд нийт 230 гаруй үнэлгээний мэргэжилтэн, шинжээч, ажилтан зургаан сарын турш оролцож ажиллажээ.
Активын чанарын үнэлгээ Олон Улсын банк санхүүгийн байгууллагад мөрдөгддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлж, батлагдсан ажлын даалгаварын дагуу хийгджээ. Үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийсний зэрэгцээ уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон нь бусад улс орнуудад хийгддэг активын чанарын үнэлгээнээс онцгой ач холбогдолтой болсон гэнэ.
Активын чанарын үнэлгээгээр зээлийн багцыг байгууллагын, жижиг, дунд үйлдвэрлэлийн, ипотекийн болон жижиглэнгийн зэрэг ангиллын дагуу үнэлж, банкны системийн хэмжээнд нийт байгууллагын зээлийн 91 хувийг түүвэрт хамруулан нэг бүрчлэн шалгасан нь харьцангуй өндөр хувьд тооцогдож байна.
Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан нь Монголбанкнаас төсөөлж, урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцжээ.
Монголбанкнаас цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүрэг даалгавар банкуудад өгөгдөж, арилжааны банкууд тухайн шаардлагыг 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлага тавилаа. Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 2017 оны жилийн эцсийн банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 45 хувьтай байна.
Монгол Улсын Их Хурлаас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого, банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээж аваад байна. Хуулийн төслүүд батлагдснаар банкинд тавих хяналт шалгалтын арга хэлбэр, шаардлага Олон Улсын стандартад нийцэж, хадгаламжийн даатгалын тогтолцоо бэхжин, банкны салбарын тогтвортой байдал хангагдах ач холбогдолтой аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
shalgaj, dygneh yyregtei bolohoos yu hiihiig zaah esgui shdee PWH
Ард иргэд банкнуудын хуунд баригдаж,ядуурсаар олон жил боллоо.Банкнуудын эсрэг жагсаалж оролцье!