”Оюу толгой” ХХК Засгийн газартай хийсэн гэрээгээ олон нийтэд дэлгэлээ

2018 оны 02 сарын 23

 

“Оюу толгой” ХХК-иас дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн тухай нэмэлт тодруулга гаргалаа

Монгол Улс, Улаанбаатар хот - Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан “Оюу толгой” компани уурхайг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах ажлын явцын талаар тодруулга хийж байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” (ӨБЭХСХАГ)-г цуцалсан билээ. ӨБЭХСХАГ нь өмнийн говийн бүсэд эрчим хүчний хангамж хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулах зорилгоор Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны суурь баримт юм. Тус гэрээнд Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) шинээр барьж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгыг тусгаж, “Оюу толгой” нь станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар заасан юм.

ӨБЭХСХАГ-г байгуулснаар “Оюу толгой” компани нь Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор тавьсан саналыг дэмжиж, уурхай дээрээ 2012 оноос барьж эхлэхээр ажиллаж байсан өөрийн эзэмшлийн цахилгаан станцын ажлыг зогсоосон бөгөөд ТТЦС-ыг байгуулах ажлыг бүрэн дэмжиж, ТТЦС-ын судалгааны ажил болон хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрүүдэд оролцож ирсэн билээ. Мөн судалгааны ажлын явцад ТТЦС-ыг байгуулах ажил дөрвөн жилээс урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон тул 2017 онд багтаан дотоодоос эрчим хүч авах тухай 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийг түр зогсоосон юм.

Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК (ТТЦС-ын дотоодын хувь эзэмшигч), Рио Тинто, “Оюу толгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюу толгой”-д шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм. Эдгээр амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтанд орох боломж хомс байна.

“Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. Мөн зарим зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сард сэргээхээр хандсан боловч одоогоор шийдэгдээгүй байна.

Бид цаашдын ажилдаа Эрчим хүчний яамтай ярилцаж, харилцан байр сууриа ойлголцон ажиллана.

“Оюу толгой”-н өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал нь 2016 оны 5 дугаар сард батлагдсан гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.3 тэрбум ам.долларын дүнд багтаагүй болно.

ӨБЭХСХАГэрээний хувийг эндээс үзэх боломжтой.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат (183.177.98.226) 2018 оны 02 сарын 23

баахан үүрэг засгийн газарт үрүүлчихэж цуцалсан болж

0  |  0
Top