Хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл өгөв

2018 оны 03 сарын 12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцсон билээ.

Үүний дараа сайд Д.Сумъяабазарын гадаад улсад хийж буй айлчлал үргэлжилж, АНУ-ын Худалдааны танхимын Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Фрийман  болон төлөөлөгчидтэй уулзав. Мөн хөрөнгө оруулагчдын төлөөлөл Capterpillar, John Deer, Rio Tinto,  АНУ-ын Экспорт-Импортын банк, АНУ-ын Хилийн Чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах орчин, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТУХАЙ:

Дэлхий даяар гурван сая гишүүн компани болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй  “АмЧам” салбарыг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын Худалдааны танхим нь бизнесийн томоохон, хүчирхэг холбоо юм. Америкийн бизнесийг АНУ болон хилийн чанадад хөгжүүлэхийн тулд АНУ-ын Худалдааны танхим бодитой үйл ажиллагаа явуулж, бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу эдийн засагт шинэ боломжуудыг нээхэд чухал хувь нэмэр оруулдаг.

АмЧамын Монголын тухай

АмЧам Монгол нь дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Монгол дахь Америкийн худалдааны танхим нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, жижиг дунд бизнесийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулсан компаниуд болон Монгол-Америкийн хамтарсан компаниудын төлөөллийг багтаасан гишүүнчлэлтэй байгууллага юм.

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

АмЧам Монгол нь бусад орнууд дахь Худалдааны Танхимуудын Зөвлөлөөр дамжуулан гишүүн байгууллагууддаа бизнесийн харилцаа, цар хүрээгээ нэмэгдүүлэх боломж олгож, мэдээллээр тогтмол ханган АНУ болон Монгол улсын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. 

АНУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНК:

Америкийн Эксим банк нь /Экспорт-Импортын банк/ нь Америкийн Засгийн газрын албан ёсны экспортын зээлийн агентлаг юм. Уг банк нь АНУ-ын бараа, үйлчилгээг экспортлоход санхүүгийн туслалцаа үзүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг. Хувийн хэвшлийн зээл олгогч байгууллагууд санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжгүй, хариуцлага хүлээхээс татгалзсан нөхцөлд Эксим банк санхүүгийн тусламж үзүүлж, ОУ-д өрсөлдөх боломжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог. Ингэснээр уг аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад зах зээлд өрсөлдөж, Америк иргэдэд өндөр цалинтай ажлыг бий болгодог.

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОРПОРАЦИ:

Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци Overseas Private Investment Corporation (OPIC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн Засгийн Газрын агентлаг юм. OPIC нь 1971 онд байгуулагдсан ба бизнес эрхлэгчдийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийг удирдах арга хэрэгслүүдээр хангаж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжин, АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсронгуй болгож ирсэн. Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь АНУ-ын бизнес эрхлэгчдийг зах зээлд байр сууриа олоход нь тусалж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон, гадаад болон дотоодод ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нь хувь нэмэр оруулдаг бөгөөд санхүүжилт олгохоос гадна улс төрийн эрсдэлийн даатгал, өмгөөлөл, хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй хамтран ажиллах зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.   

Эх сурвалж: УУХҮЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top