П.Одгэрэл: Монголчууд баяр ёслолыг өргөнөөр тэмдэглэдэг нь орон сууцны борлуултад ч нөлөөлж байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Үл хөдлөх хөрөнгийн салбарт  амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүд цөөнгүй. Тэдний нэг нь Үл хөдлөх хөрөнгө зуучлалын "Мэско Консалтинг" ХХК-ийн Ерөнхий захирал П.Одгэрэл. Түүнийг “Чухал зочин” булангийнхаа зочноор урилаа.  "Аливаа  хүн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болсон цагт нэр хүнд, амжилт, мөнгө аяндаа дагаж байдаг юм" хэмээн ярих түүний бизнесийн замнал, ажлын арга барилтай танилцана уу.

-Банк санхүүгийн салбараас яагаад үл хөдлөх хөрөнгийн салбар руу урвав?

-МУИС-ийн Эдийн Засаг Математик загварчлалын ангийг төгсөөд “Голомт” банкинд зургаан сар л ажилласан. Банкинд ажиллах   хугацаандаа  үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхсон. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “МЭСКО” компаниа 2009 оны сүүлээр байгуулсан.  Үүнээс өмнө  олон жил хийсэн ажил бол ганзагын наймаа. Долоон жил “Оno” shop буюу эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулсан. Оюутан байхдаа Бээжин рүү явж, авчирсан бараанууд маань  маш хурдан зарагдаж дууссан юм. Үүнээсээ урам авч, хувцас сонгох борлуулах авьяас надад байгаа юм байна гэдгийг олж харсан. Энэхүү бизнесээ хийхээр шийдэж гэрийнхэндээ ч  хэлэлгүй банкны ажлаасаа  гарсан. Тэгээд ээжийнхээ  хамгийн том ахаас мөнгө зээлээд Бээжин рүү бараандаа явсан. Дэлгүүр маань борлуулалт сайтай, амьдрал ахуй маань ч дээшилж, банкны зээлээр анхны машин, анхны хоёр өрөө байраа худалдаж авч байлаа. Ингэж л амьдралынхаа суурийг ганзагын наймаанаас эхлүүлсэн гэж хэлж болно.  Мэдээж энэ бүхэн амар хялбар байгаагүй. Монголд хүн харахад Дэлгүүртэй сайхан  эмэгтэй.  Гэтэл Бээжин,  Гуанжоугаас хамгийн хямд зардлаар явж, том хар цүнхнүүдэд бараагаа хийгээд гахай зөөдөг байлаа (Одоо үед зарим хүмүүс гахай гэхээр ойлгохгүй байх инээв ). Олон жил гахай зөөсөн болоод тэр үү,  одоо миний долоовор, дунд хоёр  хуруу маань мойног болчихсон. Гараа мойног болтол долоон жил гахай чирсэн гэх үү дээ.  Дэлгүүр ажиллуулж байх явцдаа маш амжилттай ажилласан. Аливаа зүйлд хугацаа гэж байдаг юм билээ. Сүүлдээ бараа зөөхөөс ч халширч, ядарч эхэлсэн. Эмэгтэй хүн залхдаг л юм байна лээ. Сард хоёр удаа Бээжингээс бараа татна. Мөн Бээжингээс нэлээд  цааш худалдааны боомт орно. Энэ бүхний эцэст суурин ажил үгүйлэгдэж эхэлсэн л дээ.

Нэг удаа  Бээжингээс Эрээнд өглөө үүрээр ирээд Зээлийн ( Эрээний зах) хажуу дахь зочид буудалд буудаллах болов. Тухайн үед хүн цөөнтэй ч  үе  таарсан. Буудлын доод давхарт  хэсэг Хятадууд архидаж байхыг харчхаад дээшээ өрөөнд ороод унтах гэхээр айгаад  унтаж чаддаггүй. Тэгээд дөнгөж дуг хийтэл сэлэмтэй хүмүүс намайг алах гэж байна гэж зүүдэлсэн.  Сэрээд ганцаараа зөндөө  уйлснаа одоо ч гэсэн тод санадаг. Ингээд Улаанбаатарт  өглөө ирээд гэр рүүгээ орох гэж байтал үнэртэй ус ханхлуулсан, оффис хувцастай гоё эмэгтэйтэй зөрсөн. Тэр эмэгтэй өглөө ажилдаа явахаар гарч  байхад би бараандаа яваад гэртээ  ирж байгаа зураглал юм л даа. Тэр  үед  юу бодогдов гэхээр миний амьдралын хэмнэл нэг л буруу байгааг ойлгосон. Тэр эмэгтэй нэг л тийм гоё мэдрэмж төрүүлээд л зөрсөн. Үүнээс хойш удаагүй дэлгүүрээ хаасан. Бараагаа баг багаар зарж дуусган, хоёр заалныхаа нэгд нь   шилэн хаалт хийж оффис  болгоод нэг менежер авч одоогийн энэ ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Дэлгүүрээсээ шилжүүлж Үл Хөдлөх Хөрөнгийн компаниа үүсгэн байгуулсан гэхүү дээ.  Тухайн үед миний ойр орчмын таньдаг найз нөхөд, арван жилийн, оюутны найзууд  дэлгүүр нээж байсан нь магадгүй би үлгэр дуурайлал болсон байх.

-Зөрж өнгөрсөн тэр эмэгтэй таны амьдралыг өөрчлөх шалтгаан болжээ дээ?

-Тийм ээ. Нөлөөлсөн. Ингэхдээ яагаад заавал үл хөдлөхийн хөрөнгийн салбарыг  сонгов гэхээр банкинд ажиллаж байхад Үл Хөдлөх Хөрөнгийн салбарт зуучлал хийх орон зай хоосон байна гэдгийг олж харсан. Мөн би өөрөө борлуулалт  хийх авьяастай,   өөрийн эерэг хандлагаараа бусдад нөлөөлөх чадвартай  гэдгээ маш сайн мэддэг байсан.  Яг л энэ хандлагаараа  бараагаа би маш сайн зарж чаддаг байсан. Намайг дэлгүүртээ байх үед орлого ихтэй, сүүлдээ худалдан авагчидтайгаа ч найзууд болчихсон. Миний хувьд тухайн үйлчлүүлэгчид ямар хувцас зохих уу гэдэг дээр маш сайн зөвлөгөө өгч чаддаг байсан.  Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонгосон шалтгаан нь  нэгдүгээрт  энэ салбарт борлуулагч хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, надад түүнийг борлуулах  авьяас, чадвар байгаа юм байна гэж бодож эргэлт буцалтгүй орсон.

-Сонирхолтой түүх байна. Мэдээж шинэ бүхэн амаргүй. Тэр үед өнөөдрийн энэ төвшинд хүргэх зорилт тавин өдөр шөнөгүй махран ажиллаж байсан байхдаа?

-Тэгэлгүй яахав. Нэг цамц зарж улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авч, нэг гутал зарж  сонинтой гэрээ хийх,  нэг өмд  зараад сандал худалдан авах  гэдэг ч юм уу яг ийм  байдлаар бага багаар л хөл дээрээ боссон. Ер нь ямар ч ажлыг хийхэд зөв сэтгэл, уйгагүй чармайлт маш чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд олж ухаарсан. Түүнээс биш аз нь таараад амжилтад хүргэх ажил мэргэжил гэж огт байхгүй гэж боддог. Ажил хийж байхад  янз бүрийн хүндрэл бэрхшээл байнга гарна.  Энэ ажлыг хийж явахад тохиолдсон хүндрэл бэрхшээлийг тоолоод барахгүй, гэхдээ эрхэлсэн ажилдаа дуртай, хүссэн ч эс хүссэн ч хийхээс өөр, буцах зам надад байгаагүй.  Энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, алсын хараа, тэмүүлэлтэй байх нь чухал юм билээ. Яг л ийм л хичээл зүтгэлээр  өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа.

-Тухайн үед  үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийдэг цөөхөн компани байсан уу?

-“Актив зууч” ХХК,  “Тэнхлэг зууч” ХХК,  “Монголиан пропертис” ХХК,  “Осмо”  зэрэг  анхдагч болон хоёр дахь зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг ууган компаниуд  цөөнгүй байсан.  Тухайн үед  “Осмо” энэ салбарт маш амжилттай ажиллаж байсан. Үл хөдлөх хөрөнгө зуучлал гэхээр  хүмүүсийн толгойд  “Осмо” гэж  шууд буудаг. Бараг үл хөдлөх хөрөнгийн зуучлал  гэхээр  “Осмо” гэж ойлгогддог  байсан үе. Эдгээр компани бүгд л өөрийн өөрийн гэсэн онцлогтой.  “Мастер пропертис” ХХК бол анхдагч зах зээл дээр ажиллаж байгаа анхдагч компаниудын нэг.  “Тэнхлэг зууч” ХХК үл хөдлөх хөрөнгийн судалгаагаар хамгийн сайнд тооцогдоно. “Монголиан пропертис” ХХК Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулж байна. Компаниа анх байгуулахдаа эдгээр компаниудаас салбарын болон зах зээлийн судалгааг  хийж байсан.


 

-Хувцас зарах, үл хөдлөх хөрөнгө борлуулах хоёрын аль аль нь  борлуулах гэдэг талаасаа адилхан. Ялгааг нь хэрхэн олж харав?

-Хувцас худалдаж авах нь тухайн хүний амьдралдаа олон хийдэг үйлдлийн нэг. Харин орон сууц худалдан авна гэдэг бол гутал хувцас авдаг шиг өдөр тутам хийгдэх зүйл биш, хүн амьдралдаа нэг хоёр юм уу хэдхэн удаа л нүүр тулах чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг. Энэ талаас нь авч үзвэл  ялгаа маш их бий. Хувцас худалдаж авахад шийдвэр гаргах нь хурдан, өөрт таалагдсан, эвтэйхэн л бол тэр даруй шийдвэр гаргадаг.  Гэтэл үл хөдлөх хөрөнгийн тухайд эсрэгээрээ. Үл хөдлөх  хөрөнгө борлуулахад тухайн реалтораас маш их хөдөлмөр, зүтгэл шаардагдсаны үр дүнд борлуулалт хийгдэх эсэх нь харагддаг. Борлуулагч хүн сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Хувцас, орон сууц хоёрын аль алийг нь 10 хүнд үзүүлж, тайлбарлаад, зарагдахгүй байх тохиолдол  хоёуланд нь бий. Тэгэхээр  үл хөдлөх хөрөнгийг зуучлан борлуулагч реалтор гэдэг бол олон төрлийн чадварыг шаарддаг чухал алба. Сэтгэлзүйн хувьд  өндөр бэлтгэгдсэн байх шаардлагатай. Борлуулагч хүн тухайн объектоо зорилтот тодорхой зах зээлд чиглүүлж, тэрхүү зах зээлийг мэддэг байх нь чухал. 10 хүнд үзүүлж, уйгагүй тайлбарлах нь өөрөө энэ салбарын онцлог учраас уйгагүй зан чанарыг шаардаж байдаг онцгой мэргэжил. Ихэнхи хүмүүс алдаа гарангуутаа хийж байсан зүйлээ хурдхан больчихдог. Тэд амжилтанд хүрэхэд ямар ойр байснаа мэддэггүй нь хамгийн том алдаа.

 Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүс бүгд дайчин зан чанартай хүмүүс байдаг. Манай ууган компаниудад ийм эмэгтэйчүүд олон бий.  Ажилд анх авахдаа энэ хүн борлуулагч хийж чадна, чадахгүй  гэдгийг нь харилцааны явцад нь мэдчихдэг.   

 -Тууштай зан хамгийн чухал гэж ойлголоо. Та хамгийн анхны үл хөдлөхийн борлуулалтаа тод санана биз?

-Манай компани анх хоёр дахь зах зээл буюу хувь хүмүүсийн борлуулалт хийдэг байсан. Бид чинь эхлээд байраа зарах гэж байгаа хүмүүс рүү өөрсдөө утсаар ярина. “Таны байрыг зараад өгье. Зарсныхаа  дараа хувиа авъя” гээд л  уйгагүй ярьдаг байлаа. Миний  хамгийн анхны маань үл хөдлөхийн борлуулалт монгол  3-р сургуулийн дэргэд 2 өрөө байр зараад зуучлалын хөлс нь 400 мянган төгрөг авч байсан.  Бөөн баяр болж байснаа ер мартдаггүй юм.  

 -Борлуулалтад  улирлын онцлог нөлөөлдөг үү?

-Улирлаас гадна баяр ёслол  шууд нөлөөлдөг. Манай Монголчууд аливаа баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг борлуулалтын явцад шууд мэдэгддэг л дээ. Байр худалдаж авна гээд 100 cая урьдчилгаа өгч гэрээ хийх гэж байсан нэг үйлчлүүлэгч маань цагаан сарын дараа 40 саяыг нь үрчихлээ гээд орж ирж байсан саяхны жишээ байна. Манай реалторууд гайхаад, бүхэл бүтэн 40 саяар баяр тэмдэглэнэ гэж байх уу гээд л  ярьцгаасан (инээв).

-Таны ажлын арга барил,  онцлог юу вэ?

- Худалдах Үл Хөдлөх Хөрөнгөө  хэрхэн зах зээлд нэвтрүүлэх үү, энд хэн амьдрах уу эсвэл ажиллах уу гэдэг талаас нь уран сайхны гүйцэтгэл хийх нь хамгийн сонирхолтой амттай ажил. Бид зарах хөрөнгөө урьдчилж танилцаж аваад Инновацийн хурал хийж уран ухаанаа уралдуулдаг, менежерүүд сэргээд л сэтгэл нь хөөрөөд л ажлын амтыг мэдэрнэ. За ингээд мөн чанараар нь ойлгоцон хүмүүс чинь худалдан авагчаа өөрсдөө олоод авдаг юм байна лээ дээ. Өмнө нь их гоё зураг аваад зар цацахаас өөр юм хийдгүй үе байсан.

Ер нь реалтор хэлсэндээ хүрдэг байхаас гадна худалдан авагчид, үл хөдлөх сонирхож байгаа харилцагчидтайгаа мэдээлэл солилцох байдлаар байнгын харилцаатай байх нь мэдээж чухал. Энэ дунд үр дүн гарах үгүй эсэх нь  үл мэдэгдэх ч  гэсэн тууштай байх. Реалтор мөнгө олохоо  урьтал болгох биш “Би харилцагчаа орон сууцтай болгох гэж байна, эсвэл харилцагчийнхаа бизнесийг нь  өргөжүүлэх объекттой болгох гэж байна гэдэг нүдээр харах хэрэгтэй. Би ажилдаа ингэж л ханддаг. Мөн хувийн зохион байгуулалт чухал.  Салбар маань өөрөө хэн нь үлдэх үү үгүй юу гэдгийг шигшиж байдаг. Хувийн зохион байгуулалттай, хурдтай, өөрийгөө өдөр тутамд чадваржуулж байж энэ салбарт үлдэх юм байна гэдгийг ойлгосон. Жишээ нь өглөө эрт уулзалтууд зохион байгуулах, тухайн объектын танилцуулга бэлдэх зэргээс эхлээд төлөвлөгдөөгүй ажлууд их гардаг. Энэ бүхэнд хувийн зохион байгуулалттайгаар хандана. Ажлынхаа мөн чанарыг ойлгосон реалторууд тогтвортой удаан хугацаагаар ажилладаг. Дагаад амьдрал нь ч сайжирч байдаг. Хэрхэн хувийн зохион байгуулалттай байж олон ажлыг зэрэг амжилттай амжуулах уу гэдэг  дээр цаг үргэлж суралцах шаардлага  надад ч тулгардаг.  Мөн хамтрагчдаа хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Салбарынхаа мэдээллээс гадна, нийгэм эдийн засгийн мэдлэгтэй байх  шаардлагатай.  Борлуулалт хийх нь мэдээж бидний ажлын үндсэн зорилго ч  гэсэн зарим тохиолдолд  тухайн объектоо хайрлах,  борлуулахаас татгалзах нөхцөл ч  тулгардаг. Жишээ нь оффисийн зориулалттай объектод үйлчилгээний газар явуулах нь зохисгүй. Гэтэл үйлчилгээ явуулах сонирхолтой худалдан авагч ороод ирвэл  борлуулалтаа урьтал болголгүй объектоо  хайрлаад гэрээг буцааж  байсан тохиолдол надад бий.  Миний өмч биш ч гэсэн  өөрийн өмч мэт хандах сэтгэл аяндаа суудаг. 

-Хүн чанар чухал гэдгийг таны дээрх жишээ харуулжээ. Борлуулах гэж байгаа тухайн орон сууц нь харсаар байтал чанаргүй, магадгүй байршил муутай зэрэг муу тал  олонтай байтал реалтор нь “худлаа” магтах явдал ажиглагддаг л даа. Үүнд эмзэглэнэ л биз.

-Мэдээж эмзэглэнэ. Орон сууц зарна гэдэг буянтай ажил. Би тухайн барилгыг бариагүй ч гэсэн дотоод менежмент, борлуулалтыг нь хийсэн хүний хувьд яг тэр барилгынхаа хажуугаар явахаар өөрөө бүтээчихсэн юм шиг гоё мэдрэмж төрдөг. Борлуулагчид тухайн айл гэрт амьдрал, тав тухыг бэлэглэж байдаг. Худалдан авагчид маань сэтгэл хангалуун байх нь ажлаасаа авах хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Борлуулалт хийсэн хэсэг хугацааны дараа үйлчлүүлэгчдээс талархлын үгтэй захидал, цэцэг илгээмжээр ирэх тохиолдол олонтой. Хийж байгаа ажлаасаа ийм гоё мэдрэмжийг авах тусам худлаа ярих ч юм уу мөнгө бодох сэтгэл урт хугацаандаа арилж байдаг юм билээ. Реалторуудын хувьд хүн чанартай байх, үнэнийг хэлдэг байх нь чухал. Үүгээрээ харилцагчдаа хүлээн зөвшөөрөгддөг. Манай компани руу хандаж байгаа шинэ хэрэглэгчдийн 80 орчим хувь нь хуучин хэрэглэгчдийн дам үгээр ирдэг.


-Та Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд салбартаа хийсэн ололт амжилт юу вэ. Тухайн үед  Монголд  үл хөдлөх хөрөнгө зуучлал хэмээх ойлголт хараахан төлөвшөөгүй энэ үед зуучлалын салбарыг хариуцна гэдэг багагүй зориг, зүтгэл шаардагдсан болов уу?

-Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хариуцаж байхдаа өөрийнхөө  ажлын хажуугаар маш олон цагийг холбооны ажилдаа зарцуулах хэрэг гарсан. Гэсэн хэдий ч хийсэн ажлынхаа  үр дүнг эргээд харахад сайхан байдаг.  Тархай бутархай зуучлалын компаниудыг нэгтгэхэд багагүй хугацаа зарцуулагдсан. Холбооны үйл ажиллагаа идэвхжиж эхэлснээр салбартаа тулгамдаж байгаа асуудлыг ярилцахаас гадна зөвөөр хүлээн зөвшөөрөгдөх талаас бид байнга санал бодлоо солилцдог байсан. Өмнө нь зуучлалын компаниуд руу бид өөрсдөө утастаж гуйж лист цуглуулдаг байсан бол одоо эсрэгээрээ болсон. Энэ бол салбар маань хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэлбэр. Мөн реалторууд хоорондоо борлуулалт хийдэггүй байсан. Маргаан үүсээд зогсчихдог байсан бол холбооны гишүүдийн хувьд реалторууд албан үүргээ гүйцэтгэх  явцад  өдөр тутмын  үйл ажиллагаандаа баримтлах,  эрх тэгш байх, гэрээ хэлцэл хуулийн дагуу байх,  шударга байх, хариуцлага хүлээх чадвартай байх, үнэнч байх гэх мэт ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд анхаарсан. Энэ дүрмээ холбооны гишүүн байгууллагууд маш сайн хэвшүүлэн мөрдөж байгаа. Мэдээж би ганцаараа хийгээгүй манай ТУЗ-ийн гишүүд хамтарч ажилладаг байсан. 

 Хамгийн гол нь олон жилийн туршлагатай  дата сантай Компаниуд холбоонд байдаг.  Мөн монгол хүний зан төлөвт нийцсэн үйлчилгээг бид нэвтрүүлж хөгжүүлсээр байна. Манай үндэсний зуучлалын байгууллагууд өөрсдийгөө сурталчлах тал дээр их муу. Төслүүдээ л өнгөлж, идэвхжүүлж явдаг. Үүнийг дийлэнх хүмүүс буруу ойлгодог. Олон нийтийн хэрэгслээр байнга харагдаж байгаагаар нь төсөөлдөг. Гэтэл манай Холбоонд байгаа байгууллагууд дийлэнх нь өөрсдийн байр суурийг их сайн тодорхойлсон хүчээ авсан. Дэндүү завгүй, даруухан хүмүүс. ҮХХ-ийн борлуулагчаас гадна Мэргэжилтнүүд гэж чадварлаг хүмүүс бий болж байгаа. Удахгүй энэ ялгарал тод харагдана.

-ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО НЬ ТОГТВОРГҮЙ МАНАЙХ ШИГ УЛСАД ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТААМАГЛАЖ ХЭЛЭХ НЬ БУРУУ-

-Монголд  реалтор гэхээр түүн  шиг ядуу хүн байхгүй гадаадад очихоор тэрэн шиг мундаг мэргэжилтэн байхгүй  юм шиг санагддаг. Манайд бол тэднийг  “ченж” гэж хэлдэг. Энэ хандлага одоо өөрчлөгдөж байгаа болов уу?

-Хандлага харьцангуй өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн хугацаанд холбооны үйл ажиллагаа идэвхжсэнээр реалтор гэдэг мэргэжил юм байна гэдгийг харуулж чадсан. Таны хэлсэнчлэн, өмнө нь манайхны дунд энэ мэргэжлийн үнэ цэнийн талаар ойлголт тун бага байсан. Үл хөдлөх хөрөнгийн салбар манайд  сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд  хөгжиж байгаа харьцангүй шинэ салбар. Үүнтэй ч мөн холбоотой.

-Ченж гэж дуудуулах гол шалтгаан нь хууль эрх зүй нь сул байсантай холбоотой болов уу. Энэ салбарт ҮХХ зуучлалын харилцааг зохицуулсан   хууль үгүйлэгдэж байна. Наад зах нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээний тухай чамбай хуультай болох  гэдэг ч юм уу? 

-Таны хэлж байгаатай санал нийлнэ. Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа энэ тал дээр багагүй ажилласан. Хуулийн ферм авч үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиар судалгаа хийлгүүлсэн. Мөн БХБЯ-тай хамтарч ажилласан. Асуудал өнөө хэр шийдэгддэггүй шалтгаан нь нэг засаг солигдоход нөгөө хийгдэж байсан ажлууд нь зогсдог юм байна залгамж халаа байдаггүй  биеэрээ мэдэрсэн. Стандартын хувьд Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад зуучлалын компаниудыг стандартжуулах ажил яригдаж байгаа. Яамны зүгээс эхлээд хууль байх шаардлагатай гэж хэлж байсан. Ер нь бол Санхүүгийн зохицуулах хороотой журмаар зохицуулалт хийгээд зуучлалын компаниудыг стандартжуулах, лиценз олгох зэрэг ажлыг хийчих байж дээ гэж одоо бага зэрэг харамсдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд бид дотроо ёс зүйн код, журмаараа дамжуулж стандартыг мөрдөх болсон.  Бидний үйлчилгээг хүмүүс бүрэн утгаар нь ойлгох хүртэл тодорхой цаг хугацаа  шаардагдах мэдээж.

-Зах зээл дээр борлогдож байгаа орон сууцны  хэдэн хувь нь зуучлалын компаниар дамждаг юм бэ?  

-Сүүлийн үеийн судалгааны нэгтгэлээс харахад үр дүн нь  бодит бус гарч байна. Зах зээлд дотор нь буцалж яваа хүний хувьд хэлэхэд, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт дийлэнх нь зуучлалын компаниудаар дамждаг. Гэтэл судалгаанаас харахад, борлуулагдсан нийт орон сууцны дөнгөж 10 хувь зуучлалаар зарагдсан үр дүн харагддаг. Бид өөрсдөө барилгын компаниудтай нягт холбоотой ажилладаг болчихсон. Жишээ нь, би хоёр ч барилгын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.  Зуучлал хийж байсан туршлага болоод менежментийн арга ухаанаар барилгын компанийн борлуулалтыг явуулж байна гэсэн үг. Бусад үндэсний зуучлагч компаниудаа харахад ч гэсэн яг л энэ байдлаар ажилладаг. Гаднын сүлжээ компаниудын хувьд үл хөдлөх хөрөнгийн зуучлагч буюу реалтор гэж ийм түвшинд  байдаг гэдгийг харуулж байгаа. Үүнд нь  мэдээж баярладаг.

-Цаашид орон сууцны үнэ буурах уу. Иргэдийн дунд  байрны үнэ  улам буурна  гэх хүлээлт бий  болчихлоо.  Хүлээх үү,  эсвэл одоо худалдаж авах нь зөв үү?

- Манай компанийн хувьд сүүлийн хэдэн жил тодорхой төслүүд дээр төвлөрч ажиллаж байгаа. Төсөлтэйгөө холбогдуулан цаашдын чиг хандлагыг би хэлж чадна. Түүнээс биш массыг төлөөлж  эдийн засгийн нөхцөлийг таамаглаж болохгүй гэж бодож байна. Ер нь  зах зээлийн үнийг таамаглаж хэлэх нь  буруу. Үүнийг би байтугай судалгаан дээр олон жил ажиллаж байгаа хүмүүс ч  хэлж чадахгүй. Яагаад гэвэл манай төр засгийн бодлого нэгдүгээрт тогтворгүй байна, Энэ нь улмаар эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг.

-Ажил хийж байгаа хүмүүсийн зовлон, стресс асар их байдаг. Тэр дундаа мөнгөтэй холбоотой ажил  стресс их дагуулдаг юм шиг санагддаг. Магадгүй худалдан авалтын үед мөнгөндөө харам хүмүүс ч таарна биз?

- Тэгэлгүй яахав. Ажлаасаа стресстэй гарах үе цөөнгүй байна. Мөнгөтэй холбоотой ажил хүний мөн чанар болоод дотоод зүрх сэтгэлийг нь хөндөж байдаг юм билээ. Магадгүй насаараа хөдөлмөрлөж хураасан  хөрөнгө мөнгөөр нь ганц худалдан авалт хийх шийдвэр гаргуулахад  мэдээж амар хялбар биш.  Аль болох ажлын стресс, сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлөөд л гэртээ орохыг хичээдэг. Гэртээ хариад хүүхдээ эрхлүүлэхэд миний ажлын хүнд бүхэн мартагддаг даа.  Сүүлийн үед  хүний амьдралын утга учир юу юм бэ гэдгийг их боддог болсон. Магадгүй ажил ажил гэж явсаар харамсах вий дээ гэх айдас хааяа төрдөг.

-Ажиллах хүчнийг хэрхэн идэвхжүүлж, удирдаж, тэдний гүйцэтгэлийг сайжруулж, хамтран ажиллах вэ гэдэг асуудал удирдах албан тушаалтнуудын өмнө байнга тулгардаг асуудлын нэг. Хөдөлмөрийн зах зээлд  ажил олгогч болон ажилтны хооронд үүсч буй асуудлыг нэрлэвэл?

-Манайхны нийтлэг алдаа бол аливаа ажлыг дааж авахдаа “даалгавар ” мэт хүлээж авч амьдрахын тулд ажиллаж байна гэж боддог нь ажлын үр дүн болоод харилцаанд хүндрэл үүсдэг.  Ихэнх залууст   ажилдаа дур сонирхолтой байх,шинийг санаачлах сэтгэлгээ дутагдаж байна.  Би хамтарч ажилладаг хүмүүстээ юу гэж  хэлдэг вэ гэхээр  “Энэ ажлыг даалгавар мэт битгий хүлээж аваарай. Үүний дараа олон туршлага, чадвар эзэмшиж байна мөн боломжууд, үр дүн гарна гэсэн хүсэл, сэтгэлээр ханд гэж зөвлөдөг.  Ер нь аливаа хүн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болсон цагт нэр хүнд, амжилт, мөнгө аяндаа дагаж байдаг юм гэдгийг би ойлгосон.

 -Таны нэг өдрийн ажил хэрхэн эхэлдэг вэ?

-Өглөө 6-30 цагт  босдог. Эхлээд заавал дасгал хийдэг. Суугаа ажил сүүлийн үед хийж байгаа учраас дасгал хөдөлгөөн зайлшгүй хийх шаардлагатай байна. Дасгалаа хийсний дараа хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлддэг. Дараа нь сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг. Ажлаа эхлүүлэхээс өмнө тухайн өдөр  хийгдэх ажлын  жагсаалтаа заавал тэмдэглэдэг. Үүн дотор хувийн ажлууд ч багтана. Өдөртөө тогтмол уулзалтууд байна. Ажлын маань бас гоё зүйл нь өдөр бүр салбар салбарын хүмүүстэй уулзах.  Ер нь уулзалтаас уулзалтын хооронд өдрийн ажил өнгөрдөг. Хэдийгээр ажил маань 18 цагт тардаг ч гэлээ 22 цаг хүртэл ажиллах тохиолдлууд бий. Ядарсан үедээ ажлын дундуур дээс эргүүлнэ. Орой гэртээ хариад хүүхдүүдтэйгээ заавал ярилцахыг хичээдэг. Мөн тархи амраах зохиолын номууд унших дуртай.

Ярилцсанд баярлалаа.

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dr Macpherson(41.203.78.244) 2019 оны 07 сарын 08

Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсэж байна уу бөөр Та санхүүгийн хямралаас болж бөөрөндөө зарж борлуулах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд юу болохыг мэдэхгүй байна Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай Таны бөөрний төлөө $ 500,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor MACPHERSON бол MACPHERSON CLINIC-д нефрологич юм. Манай клиник Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адил бөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгах Хариуцагч донор Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авах сонирхолтой

0  |  0
DR. UROLOGIST(105.112.56.232) 2019 оны 07 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. APRADHAN(105.112.38.245) 2019 оны 01 сарын 06

Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр, Та бөөр, эрэгтэй, эмэгтэй аль нэгийг зарахыг хүсэж байна уу? Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг борлуулах боломжийг энэ боломжийг та олохгүй байна. Эмнэлэгийн мэргэжилтэн нь танд хамгийн сайн $ 1,000,000 сая долларыг бөөрөнд өгөх болно. Миний нэрийг Doctor Adity Apradhan, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологичоор ажиллаж байна. Манай клиник нь бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтнийг эмчлэхэд оролцдог бөгөөд бид худалдан авагч, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг. Бид Энэтхэг, Их Британи болон

0  |  0
zochin(182.160.4.216) 2018 оны 03 сарын 18

Hudulmurch daichin mundag emegtei baina. buh amidraliinhaa saihniig uuruu buteesen mongoliin baharhal bolson busguichuudiin neg baina. Amjilt hucie

0  |  0
зочин(202.9.43.150) 2018 оны 03 сарын 16

баялаг бүтээгч биш хүний бүтээсэн баялагаас сорогч бясаа байна байрний мөнгөн дээр өөрийн хувиа нэмж авч улам үнд оруулж ард түмний цуснаас сорогч эм хувалз

0  |  0
Нар(64.119.25.179) 2018 оны 03 сарын 15

Мундаг бусгуй юмаа ошоо урагшаа зутгээд бай хэн юу гэх нь хамаагуй битгий шантар амьжилт хусье

0  |  0
zzzx(66.181.191.224) 2018 оны 03 сарын 15

zah zerkiin zaljin hyyhen bsn uuruu chadlaaras deesh garah n iy be zarim hyn medne. Shyy dee. Dara n bylt bylt abhiim a

0  |  0
Ийм байна(64.119.22.82) 2018 оны 03 сарын 15

Монголчууд нэгнээ хошгоруулж мөлжиж байгааг сайшаан магтаад байвал хөгжихгүй шдээ. Энэ хүнд хэлэхэд өөрөө тийм мундаг бол гадаад улс орнуудын иргэдийн тархийг угаагаад баяжаад, тэндээ монголчуудаа ажиллуулаач?

0  |  0
Unshigch(66.181.161.37) 2018 оны 03 сарын 15

Mundag udirdagch. Taniig urgelj hundelj yacdag shuu.

0  |  0
Тунгалаг Гомбо(103.26.193.25) 2018 оны 03 сарын 14

Уулаасаа амжилтанд хүрэх шинжүүд байсан байна. Амжилт хүсье!

0  |  0
7777(59.153.115.237) 2018 оны 03 сарын 14

Ene ih davgui muujgai baina shuu.

0  |  0
Khulan(27.123.212.133) 2018 оны 03 сарын 14

Goy yariltslaga baina

0  |  0
Anar(27.123.212.133) 2018 оны 03 сарын 14

Сайхан ярилцлага байнөө амжилт хүсье, залуучуудад уншуулмаар, уншсан нь үлгэр дурайлал аваасай

0  |  0
Album(185.182.81.136) 2018 оны 03 сарын 14

Сайн хошгируулагч юм байна.

0  |  0
Album(185.182.81.136) 2018 оны 03 сарын 14

Сайн хошгируулагч юм байна.

0  |  0
gg(66.181.191.239) 2018 оны 03 сарын 14

amjilt husie. mundag sain busgui bna. dahin amjilt husie

0  |  0
зочин(202.9.43.150) 2018 оны 03 сарын 14

байрны ченж дундаас нь үнэ өсгөгч луйварчин

0  |  0
Top