“Айтүүлс”-ийн хувьцаанд харамсахгүй байх шалтгаан бий

2018 оны 03 сарын 16

 

-Монголын хөрөнгийн зах зээл “солиотоййй” үйл явдлаар дүүрэн байна-

Тоймч Л.Баатархүү

   Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогсдын дунд “Айтүүлс” компанийн хувьцааны хувь заяатай холбоотой асуудлаар яриа нэлээд өрнөх болж. Би ч гэсэн энэ компанийн “жижигхэн” хувьцаа эзэмшигч. Тиймээс одоо яагаад байгаа цаашид хэрхэж болох багахан ч гэсэн мэдээллийг тоймлон хүргэхээр зорилоо.

Энэ дашрамд дурьдахад Монголын хөрөнгийн захад өнгөрсөн онд “солиотойййй” гэж хэлмээр хэд хэдэн онцгой үйл явдал болсныг та бүхэн санаж буй байх. Тодруулбал, энэ зах зээл дээр 860 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь 27 жилийн түүхэн дэх хамгийн дээд амжилт байлаа. Харин үүнээс өмнө 2015 онд 593.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь тухайн үедээ өндөр үзүүлэлт байв.

Мөн 5000 гаруй хөрөнгө оруулагч байсны 90 хувь нь иргэд байжээ. Энэ нь эднийг мөнгөө банкинд хадгалуулахаас арай өөр замаар өсгөж, үр ашгийг нь хүртэх боломжтойг харуулж буй юм.

Үүнээс гадна энэхүү “солиотоиий” үйл явдлын нэг нь бүтэн хоёр жил тасраад байсан IPO-г технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айтүүлс” компани гаргаж уг компанийн хувьцаа руу олон нийт бараг “шуурсан” гэхэд хилсдэхгүй. Тэд компанийхаа 38.86 хувийг олон нийтэд санал болгож 1.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилготой байлаа. Гэтэл зургаа дахь хоногт хувьцаа захиалга 74 хувь болж мөнгөн дүн нь 959 сая төгрөгт хүрэв. Ингээд арваннэгдүгээр сарын 13-д хаалт болоход нийт захиалга 39 сая 786 мянга 996 ширхэг буюу гурав дахин их давсан үзүүлэлттэйгээр ирсэн байдаг. Улмаар эл тоо хөрөнгийн зах зээл дахь хамгийн дээд амжилт болж нэг сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж түүнээс дээшихийг хувь тэнцүүлсэн байдлаар хуваарилсан юм.

Үндсэндээ уг компани хаалттай биш нээлттэй болох эхлэл нь ийн тавигдлаа. Одоо харин хоёрдогч зах зээл дээр хэрхэх вэ гэдэг нь үлдлээ. Хоёрдогч зах зээл гэдэг нь Айтүүлсийн хувьцаа арилжаанд орж тоглогчид хувьцаагаа зарж, авч, өсөлтөөс нь ашиг хүртэж болох хувилбар. Нэгж хувьцааны үндсэн үнэ 100 төгрөг. Арилжаанд оролцсон өдрөөс 108, 117 төгрөг... бүр 169 хувиар өсөж нэг ширхэг нь 260 төгрөг давах нь тэр. Энэ бол ердөө нэг сарын дотор болсон өрнөлт.

Хүмүүс “Айтүүлс” компанийн хувьцаанд яагаад ингэж хошуураад байна вэ. Анхдагч арилжаанаас захиалга нь ямар учраас гурав дахин их байв, хоёрдогч зах дээр юун хурдан өсчихөв, цаашид хэрхэх бол гэсэн “шок” асуултууд үүсэж байна.

Дээр дурьдсан огцом өсөлтийн дараа “Айтүүлс” компанийн хувьцааны нэгж үнэ 160-203 төгрөгт хэлбэлзэж байснаа 119 төгрөг болтлоо унасан юм. Хөрөнгийн захын хоёрдогч арилжааны өгсөх уруудах үнэлэмж тус захад өдөр тутам оролцож байдаг идэвхитэй тоглогчдоос ихээхэн шалтгаалдаг. Энэхүү уналтад мөн хэд хэдэн зүйл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Өдөр тутмын жижиг арилжаанд оролцдог хүмүүсийн ихэнх нь тус компанийн яг юу хийдэг талаархи ойлголт тун муу байсан. Нөгөөтэйгүүр Банк бус санхүүгийн үйлчилгээг аппликеайшн байдлаар шийдсэн Лендмн-ийн хувьцаа гарч үүн рүү хүмүүс мөн хошуурч ганц Айтүүлс гэлтгүй бусад компаниудын ч хувьцаа унаж эхэлсэн гээд олон шалтгаан нөлөөлнө.

Чадварлаг хөрөнгө оруулагчид үргэлж яагаад гэж асуудаг. Яагаад гэвэл тэд дэмий зүйлд хөрөнгө оруулж зовж олсон хэдэн “бороо” салхинд хийсгэчихгүйн тулд ингэдэг юм. Үүнээс гадна тэд үргэлж ажиглаж, анзаарч, судалж, сурч байдаг учраас байнга тодорхой хариулт хүсдэг.

Тэгвэл Айтүүлсийн хувьцаа цаашид яах бол?

Хүн төрөлхтөн интернет ашиглаж байсан цагт дата төвийн хэрэгцээ дундрахгүй

    Миний зүгээс тус компанийн хувьцаа ингэж эрэлт үүсэхэд таван гол хөшүүрэг нөлөөлсөн гэж ажиглав. Уншигч та ч өөрийн бодолтой байгаа байх.

Нэгдүгээрт, технологийн компани гэдэг утгаараа хүмүүс их итгэсэн. Энэ нь мэдээж дэлхийн хамгийн баян компанийн найм нь энэ салбарынх учраас хол явна гэсэн бодол төрсөн.

Хоёрдугаарт, шинэ IPO гаралгүй хоёр жил болж гэнэт ирээдүйтэй гэмээр бас хөрөнгийн зах дээр гарч буй анхны технологийн компани гэдгээр,

Гуравдугаарт, мэдээллийн технологийн салбарт зайлшгүй байх шаардлагатай нөөц дата төвийг бүтээж байгаа нь хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалт

Дөрөвдүгээрт, хүмүүс зүгээр л нэгнийгээ дагачихсан. “Айтүүлс” ХК-ийн яг юу хийдэг, модуляр дата төв, сервер гэж чухам юу юм бэ гэдгийг ч олигтой ойлгохгүйгээр шуурч авцгаасан.

Тавдугаарт, үйлдвэрийн түүхий эд, материалын зардал бага, хүний оролцоо нэг их шаардлагагүй, орлогын эх үүсвэр тодорхой, сүүлийн хоёр жил орлого нь жигд өсөлттэй байгаа зэрэг нөлөөлсөн байх талтай.

Ингээд энэ эрч хоёрдогч зах зээлд нөлөөлж нэгж хувьцааны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн хэрэг.

Цаашид ч энэ компанийн хувьцааны нэгж үнэ нь өсөх магадлал тун өндөр. Яагаад гэвэл 21 дүгээр зуун гарснаас хойш өгөгдөл, мэдээллийн сан энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, хүчирхэг зүйл болсон нь үнэн. Та бидний харилцдаг мэйл, фэйсбүүк, мэдээлэл уншдаг вэб сайт, зурвас бичдэг, хоорондоо дуу авиа, дүрсээрээ хөөрөлддөг гар утас, банкны төлбөр тооцоо гээд энэ бүхний мэдээллийн сан серверт хадгалагддаг юм. Ирээдүйд серверийн хэрэгцээ бүр ч их өсөх болно.

Өдгөө дэлхийн соёлт хүмүүс минут тутамд 3,3 сая мэдээллийг фэйсбүүкэд нийтэлж, 6,9 сая зурвас илгээж, google.cом-оос 4,1 сая удаа хайлт хийж, 2012 оноос гар утасны хэрэглээ 13 дахин нэмэгджээ. Энэ тоонууд Айтүүлсийн бизнес ирээдүйд хэрхэн өсөж болохыг бэлхэн харууличхна.

Айтүүлсд өнөөдөр өдөрт 10 сая хандалт ирдэг тухай тоон мэдээлэл байна. Товчхондоо Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа хүн тухайн өдөрт дунджаар гурван удаа энэ компаниар үйлчлүүлж байгаа тоон үзүүлэлт.

Одоогоос долоон жилийн өмнө Монголын нийт вэб сайт болон бизнес и-мэйл үйлчилгээний тав хүрэхгүй хувь нь л дотооддоо байршдаг байжээ. Харин одоо энэ тоо 40 хувьд хүрчээ. Товчхондоо Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдалд учрах хор хөнөөл 40 хувиар багаслаа гэсэн үг. Тоон дүнгээс харахад миний, таны хувьцаа эзэмшдэг Ай түүлсд 50 хувь нь байршдаг аж. Өөрөөр хэлбэл, Монголын хоёр вэб сайт тутмын нэг нь энэ компанийн сервер, хост дээр байршдаг байх нь.

Гэхдээ мэдээллийн сан байршиж буй дата төвийн аюулгүй байдал Монголд тун эмзэг. Учир нь улсын нийт хүн амын 58 хувь нь амьдарч буй Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Эл хотын төвд бүр тодруулбал, Төв шуудангаас Төрийн ордон хүртэлх 500м-ийн зайнд манай улсын бүх гол мэдээллийн сан хадгалагдаж байна. Монголбанк, иргэний бүртгэл, үүрэн холбооны операторууд, банк, Хууль зүйн яам гэх мэт хамгийн гол зүйлүүд төв талбайгаа тойроод бий. Нэг өдөр байгалийн онц аюултай үзэгдэл боллоо гэхэд цахим орчин өнөөх сервер дахь төрийн болон иргэдийн мэдээлэл шууд болон шууд бус байдлаар аюулд орно.

    Тэгвэл шийдэл нь юу юм бэ. Олон улсын TIER III стандартын дагуу тоноглогдсон газарзүйн нөөц дата төв. Энгийнээр тайлбарлавал ямарваа эрсдэл гол серверт нь учирахад өөр серверт байршуулсан хувилбар нь устахгүй гэсэн үг. “Айтүүлс” компанийн бүтээн байгуулж буй TIER III стандартын Модуляр дата төв газар хөдлөлт, байгалийн бусад гамшиг, онцгой байдлын нөхцөл үүслээ гэхэд идэвхитэй бүсээс 250 км зайд байршихаас гадна зөөвөрлөхөд хялбар ийм шийдэл. Энэ шийдэлд тус компани олон нийтээс 1.3 тэрбум төгрөг татаж барилгын ажлаа аль хэдийнэ эхлүүлчихээд байгаа.

Хэрэв энэ төв ашиглалтад орвол Монгол Улс технологийн экспортыг сая саяар нь тоологдохоор хийнэ. Монголчууд одоогоор жил бүр таван сая ам.долларыг гадны зах зээлд вэб, и-мэйл, онлайн систем байршуулах, домайн нэр авах зэрэгт зарцуулдаг юм билээ. Уг нь Монголдоо байршуулбал илүү найдвартай, үйлчилгээ авах, эргэх холбоонд сайнаар зогсохгүй мөнгөний гарах урсгал ч багасна.  Уг зөөврийн дата төв баригдснаар таван сая доллар эх орондоо үлдэж нэмээд 10 сая ам.долларын мэдээлэл, технологийн экспорт хийх боломж бүрдэнэ.

“Татан төвлөрүүлсэн мөнгөнд хатуу хяналт тавьдаг”

   Уг компанийн өнгөрсөн жилийн тайлан сар гаруйн өмнө гарсан.  Борлуулалтын орлого нь 1,3 тэрбум төгрөг байв. Үүнээс цэвэр ашиг нь 62 сая төгрөг. Гэтэл үүнд нэг асуудал ургаж байгаа юм. Хувьцаа эзэмшигчид болон иргэдийн дунд Айтүүлс “ногдол ашиг яагаад тараахгүй байна вэ”, “ийм их орлоготой байж 62-хон сая төгрөгийн ашигтай ажиллаллаа”, “олон нийтийг хулхидаад байгаа юм биш үү”, “татан төвлөрүүлсэн хөрөнгөө клоуд биткойнд зарцуулсан”, “хувьцааны үнийн савалгаа хөөс үү үгүй юу” гэх ойлголтуудыг нийгмийн сүлжээгээр мэр сэр нийтэлсэн.

Эдгээр асуудалтай холбоотойгоор цуглуулсан мэдээллээсээ хүргье гэж бодож байна. Олон нийтээс татсан хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж болох мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ямар хяналт тавьдаг талаар тус хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн ийн хариулт өгсөн юм.

-“Анд энерги”, “Айтүүлс” компанийн хувьцааны нэгж үнэ 2018 он гарснаас хойш бага зэрэг унах хандлага ажиглагдаж буйг үнэ ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтох, тэнцвэртэй төлөв рүү шилжих хандлагатай байгааг сөрөг талтай гэж үзэх нь үндэслэлгүй юм. Мөн хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны бүртгэлийн журам, холбогдох журам, дүрмийн дагуу олон нийтээс хөрөнгө татаж, хувьцаат компани хэлбэрт шилжсэн компаниудын үйл ажиллагаанд байнгын тасралтгүй хяналт хийдэг. Мөн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэн ажиллаж байна. Үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргасан дээрх хоёр компани 2018 оны хоёрдугаар сард багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж, үйл ажиллагаагаа хөрөнгө оруулагчдаа тайлагнан, мэдээллээ хороонд ирүүлснийг бид хянаж байгаа. Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй.

            Тэрбээр ийн ярилаа. Тэгэхээр нийгмийн сүлжээгээр яваад буй “Айтүүлс татан төвлөрүүлсэн хөрөнгөө клауд майнингд зарцуулсан” гэдэг ойлголт ташаа, хууль, журмын хатуу хяналттай байдаг учраас өөр хэлбэрээр зарцуулах боломж ч байхгүйг тус компанийн удирдлагууд болон хөрөнгийн захын судлаачдын зүгээс онцолсон.

            Тэгвэл яагаад ногдол ашиг тараасангүй вэ.

Мэргэжлийн ямар ч хүн ногдол ашиг өгөх боломжгүй гэдгийг мэднэ. Яагаад гэвэл 2017 оны арваннэгдүгээр сараас хойш хувьцаат компанийн хэлбэрээр ажилласан хэрэг. Мөн Модуляр дата төв нь баригдаж дуусаагүй, үйл ажиллагаа нь эхлээгүй байхад ногдол ашиг тараах боломжгүй гэсэн үг. Тэгээд ч хүйтний улирал эхэлсэн учраас барилгын ажил явахгүй нь тодорхой.

Клауд майнингаар орсон орлого дийлэнхийг нь бүрдүүлжээ

   

    Түүнчлэн орлого нь 1.3 тэрбум төгрөг байхад ашиг нь ийм бага гарсанд би ч гэсэн эргэлзэж байна. Гэхдээ орлого ийм өндөр байгаагийн шалтгаан нь тус компани крипто валют олборлогчдод сервер, төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлж, клауд майнингийн зарчмаар төлбөр, тооцоогоо удирддаг. Цахим мөнгийг өндөр хүчин чадал бүхий сервер, цахилгааны найдвартай орчинд ажиллаж, олборлодог зүйл. Би гэртээ сайн компьютер байршуулаад олборлолоо ч тог тасрах, компьютер халж, шатах зэрэг эрсдэл гарвал би юу ч үгүй үлдэнэ. Хэн нэгэн Батын олборлосон цахим мөнгөний орлого, зарлагын данс нь Айтүүлсээр дамжина гэсэн үг. Товчхондоо би олборлосон мөнгөө өөрөө авч, харин үйлчилгээний шимтгэл, төхөөрөмж түрээслэснийхээ төлбөрийг л Айтүүлсд төлнө гэсэн үг. Тийм учраас цахим мөнгө олборлогчдын орлого тус компанийн дансаар “гүйдэг” болохоор орлогын дүн ийм өндөр харагдаж буй юм.  

Энгийнээр бол үл хөдлөх хөрөнгийн борлуулагчтай их төстэй.  Айтүүлс клауд майнингийн зуучлагч. Хэн нэгэн хүний үл хөдлөхийг зарж өгөөд борлуулалтын орлогоос нь хоёр хувийг л авдагтай адилхнаар ойлгож болно.

Би сард 500 сая төгрөгийн үл хөдлөх борлууллаа гэхэд миний дансны орлогын дүн төдий хэмжээнд харагдана. Гэхдээ надад үлдэх нь ердөө 10-хан сая төгрөг. Үүнээс би зардлаа хасаад хоёр сая төгрөгийн л ашигтай ажиллахтай адил зүйл.

Ямартаа ч технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айтүүлс” компанийн өнөөдрийн өнгө ийм байна. Мэдээж хэрэг цаашид хоёрдогч зах дээр хувьцааных нь үнэ ханш хэрхэх бол гэдэг нь тус компанийн бизнесийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

Энэ компанийн бизнест хүмүүс итгэж байгаагийн нэг онцлог нь хүн төрөлхтөн интернет ашиглаж, мэдээллийн сангийн тусламжтайгаар бизнесийн хүчин чадал нэмэгдэж буй ийм үед дата төвийн хэрэгцээ дуусах учиргүй. “Айтүүлс” компани энэ хязгааргүй хэрэгцээнд чиглүүлсэн бизнес эрхэлдэг учраас үнэ цэнэ нь ч гэсэн дагаад өснө” гэдэг нь гарцаагүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top