Б.Энх-Амгалан: Бид давуу талаа хөгжил болгох ёстой

2018 оны 03 сарын 23

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай Эдийн засгийн коридор буюу “Цайны зам” зам хөтөлбөрийн талаар ярилцлаа. Түүний хувьд уг хөтөлбөрийг ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм.

 

Коридор гэдэг нэр үнэндээ тохиромжтой нэр мөн үү биш үү гэдэгт би шүүмжлэлтэй ханддаг. Зүй нь  “Цайны зам” хөтөлбөр л дөө

 

-Монголчуудын төдийлөн сайн мэдэхгүй эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт ОХУ, БНХАУ, Монгол улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан. Та уг ажилд анхаарал хандуулан ажиллаж буй гишүүний хувьд Эдийн засгийн коридор гэж чухам юуг хэлээд байгаа болоод уг ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ мөнхийн хоёр том хөрштэй. Бид урд талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хиллэж байна. Газарзүйн энэ байршил нь Монгол Улсад давуу, сул хоёр талтай. Далайд гарцгүй орны хувьд заавал хоёр хөршөөрөө дамжиж, дэлхийн худалдааны зах зээлд оролцдог гэвэл сул тал, хоёр талдаа маш том багтаамжтай зах зээлтэй гэж үзвэл давуу тал болно. Давуу талаа хөгжил болгох ёстой. Хүн төрөлхтний түүхэнд Ази, Европ тивийг холбосон өнө эртний алдарт хоёр зам байсан нь монголчуудын түүх, соёлыг агуулсан алдарт Торгоны зам, 1728 оноос эхлэн 1928 оныг хүртэл Хятадын өмнөд хязгаар Фунчань боомтоос ачаа тээвэрлэн Москва хүртэл явдаг алдарт “Цайны зам” байсан юм. Энэхүү цайны зам Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан эртний Хятадын цай, торго, шаазан болон бусад бараа их Оросын хаанд хүрч улмаар Москвагаар дамжин Европ тивд хүрдэг байсан түүхтэй. Дэлхийн бусад орноос Монгол Улс руу импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх нь БНХАУ-ын Тянжинь боомтоор дамжиж ирдэг ба зарим хэсэг нь ОХУ-ын нутгаар тээвэрлэгдэж ирж байна. Гарах урсгал буюу экспорт мөн адил. Гэтэл хоёр хөршийн хооронд хийгдэж байгаа эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа Монголын нутгаар дамжих нь бага, гол төлөв манай нутгийг тойрч байна. Байгалийн хийн хоолой, хурдны авто зам болон төмөр зам, нефть дамжуулах хоолой бүгд Монголыг дайрч өнгөрсөнгүй, баруун, зүүн талаар тавигдахаар байна, үүгээрээ манайх эдийн засгийн үр ашгийн хувьд томоохон боломжийг алдаж байгаа юм.

Монгол-Хятад-Орос гурван улсын нутгаар нэвт гарч өнгөрдөг тээвэр харилцааны хувьд гадаад эдийн засгийн ач холбогдол бүхий Монгол Улсын эдийн засгийн засагт сайн нөлөөтэй гарц гаргахыг л эдийн засгийн коридор гээд байгаа юм. Коридор гэдэг нэр бол үнэндээ тохиромжтой нэр мөн үү биш үү гэдэгт бол би шүүмжлэлтэй ханддаг. Зүй нь бол “Цайны зам” хөтөлбөр л дөө.


-Энэ ажил ямар шатандаа явж байна? Хэдийнээс хэрэгжих боломжтой гэж та харж байгаа вэ? Яаралтай хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

-Орос-Хятадын хооронд жилдээ 40 сая тонны бараа эргэлт хийгддэг. Алсдаа 100 сая тонны бараа эргэлт хийгдэх боломжтой. Монголын нутгаар дамжих нь маш бага, Оросууд бараагаа Алс Дорнодоор дамжуулж тээвэрлүүлэн авахад 45 хоног, Дундад Азиар дамжуулж тээвэрлэхэд 35 хоног зарцуулагддаг байна. Гэтэл Тянжинь боомтоос Эрээн, Замын-Үүд, Ханги-Мандал чиглэлд тээвэрлэхэд автомашинаар 3 хоногт, Монголын урд хилээс хойд хил хүртэл 3 хоногт, үндсэндээ 7 хоногт ОХУ-ын хил дээр хүрнэ. Сибирийн бүс нутагт мөн долоо хоног дотор ачаа эзэндээ очно, бодоод үз дээ!! Цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алинд нь хэмнэлттэй. Өнгөрсөн 2016 онд ОХУ-ын Новосибирск хотод зохион байгуулагдсан “Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт” арга хэмжээний үеэр Монгол Улсын УИХ, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хооронд 20 зүйл заалт бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт зарим нэг чухал заалтууд тусгагдсан. Новосибирск бол Ази Европыг холбосон тээвэр ложистик, аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны том төв. 2015 онд Улаанбаатар хот Новосибирск хоттой найрамдалт харилцаатай хот болсон. Нэг, Новосибирск-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болох. Хоёр, Тянжинь болон Хятадын бусад нутгаас тээвэрлэгдэж байгаа бараа материалыг Монголын нутгаар дамжуулан Сибирийн нийслэл Новосибирск хүртэл явуулах. Гурав, Монголын нутгаас тээвэрлэгдэж байгаа малын гаралтай мах, сүү, ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг хөнгөвчлөх тал дээр анхаарах.. гэх мэт зарчмын хувьд өөрчлөлт хийж, гадаад худалдааг хөнгөвчлөх гэсэн алхмууд хийгдсэн. Энэ ажил хэрэгжих болно оо.

Улаанбаатар хот БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хоттой мөн найрсаг хамтын ажиллагаатай. Бугат хот Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой хот, Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт жилд 6 сая тонн коксжих нүүрс, 10 сая тонн төмрийн хүдэр шаардлагатай. Үүнийхээ ихэнхийг Австралиас татдаг, хөршөөсөө авах боломж бий. Орос улс мах, махан бүтээгдэхүүн Аргентинаас авдаг мөн хөрш нь нийлүүлэх боломжтой гээд л хараад байвал... Аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр ложистик, соёлын харилцаа, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум, бүс нутгийн хөгжил гээд эдийн засгийг дэмжих олон салбарт хоёр хөрштэй ажиллах боломж бий.

 

Орос-Хятадын хооронд жилдээ 40 сая тонны бараа эргэлт хийгддэг. Алсдаа 100 сая тонны бараа эргэлт хийгдэх боломжтой

 

-Эдийн засгийн коридор байгуулснаар манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллөөс та тодорхой хэлнэ үү. “Эдийн засгийн коридор” нь Монголын “Талын зам” БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын “ЕвроАзийн эдийн засгийн холбоо” гэсэн дэд бүтцийн мега төслийн салшгүй хэсэг болж байгаа шүү дээ.

-Хятадын “Нэг бүс нэг зам”, Монголын “Талын зам”, Оросын “Сибирийн зам” хөтөлбөрүүд л дээ. Нийтдээ бол “Цайны зам” л юм. Би дээр хэллээ шүү дээ. Олон салбарт ажиллах боломж бий гэж. Ганцхан жишээ хэлэхэд энэ олон сая тонн ачаа Монголыг дайран өнгөрлөө гэж бодъё. Наад зах нь бензин тос хийнэ, засвар үйлчилгээ авна, хоол унд иднэ, унтаж амарна, замын хураамж төлнө гэх мэт зам дагасан хөгжил явна даа. Уул уурхайн зарим бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр, урт хугацаанд тогтвортой байнгын хэрэглэгчид нь нийлүүлнэ мөнгө олно доо. Харин бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай, зарим нэг нь гол орд зэсийн баяжмалдаа түшиглээд эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй, нефтийн ордууддаа түшиглээд боловсруулах үйлдвэр барих ёстой. Малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлж, үүлдэр угсааг нь сайжруулах ёстой. Малын гаралтай болон ХАА-н гаралтай түүхий эдээрээ дэлхийн бренд болсон органик ногоон бүтээгдэхүүн бий болгож, гадаадын жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь өөрийн нутагт оруулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжилд анхаарах цаг болсон. Ажилтай, орлоготой, амьдрал ахуй нь сайхан бол бүгдээрээ Улаанбаатарт бүгээд байхгүй. Ярих биш хөдлөх цаг болсон, хий хоосон улс төржилт, хулгай луйвар, бүлэглэх талцах.. Одоо үеэ өнгөрөөсөн. Дор бүрнээ чаддаг бүхнээ хийж, улс орноо хөгжүүлнэ. Үүнийг төр засаг бодлогоор дэмждэг байх ёстой.

“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд 32 төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Үүнээс нэн түрүүнд яг ямар ажлыг нь хийхээр төлөвлөж байна вэ? Замаа тавих уу эсвэл төмөр замын ажлаа эхлүүлэх үү. Үгүй бол аж үйлдвэрийн чиглэлээр ажиллаж эхлэх ёстой юу?

-Та өөрөө хэлчихлээ аль аль нь л хэрэгтэй. Монголыг Монголчууд л аварна, хэн нэгэн гадны хүнээс аврал, тусламж эрэх хэрэггүй. Дэлхийгээр хэрэн хэсээд ч хэрэггүй. “Бөөр нь бөгсөнд, цэр нь цээжинд байг” гэж их хааны хэлсэн үг байдаг. Байх байх ёстой газраа, чаддаг чаддагаа хийж хөгжилд хөл тавих нь зөв гэж бодож байна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Аяндаа бүтдэг ажил гэж байхгүй. Монгол Улсын төр, түмэн олонтойгоо нэгэн зүгт харж, нэг зорилгын дор зогсож, дуугарсан дуу нэг, дугтарсан хүч нэг байж л бид энэ хүндхэн цаг үеийг давж гарна.

-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улс өөрөө хойрго хандаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

Худал. Улс орон нь эдийн засгийн хүнд нөхцөлд байхад гараа хумхин суудаг засаг төр байхгүй. Чадлаараа л ажиллаж байгаа. Гадна дотны нөлөөлөл байж таарна шүү дээ. Даван туулна, өөр зам байхгүй. Яриа хэлэлцээрүүд хийгдэж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Т.Хулан

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jov(103.212.118.180) 2018 оны 03 сарын 24

erdenet ovootoos oor koridor boloh tras baihgui baih ch yum biluu

0  |  0
Зочин(66.181.184.78) 2018 оны 03 сарын 23

Алиа салбадай. Хэнийг дуурайгаад яриад байнаа.

0  |  0
Zochin(126.201.164.248) 2018 оны 03 сарын 23

Aan chi M.enkhbold toigoo niileed hun duuraij jujigleed yavj bai chi udahgui

0  |  0
Zochin(184.146.143.90) 2018 оны 03 сарын 23

Zugeer l tairdas

0  |  0
1(122.201.23.226) 2018 оны 03 сарын 23

Amjilt husie !

0  |  0
Top