Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой БНХАУ-аас 6 дахин цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал, зориулалтын агуулах дутагдалтай байдаг ч дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40%-ийг дангаараа бүрдүүлж байна. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн экспортод гаргадаг. Ноолуураа дотооддоо авч үлдэн эцсийн шатанд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж экспортлохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг байна. Засгийн газрын зүгээс энэ салбарт санаачлагатай ажиллан холбогдох байгууллагуудтай хамтран Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар тодруулахаар МУХБ-ны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай уулзаж ярилцлаа.
Ноолуурын салбарыг дэмжих, экспортоо нэмэгдүүлэх зорилгоор МУХБ-ны зүгээс ямар ажил эхлүүлж байна вэ. Хөтөлбөр хэзээ эхлэх вэ, ямар шалгуур хангасан үйлдвэрлэгчийг дэмжих вэ?
Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард Ноолуур хөтөлбөрийг баталсан. Ноолуур үйлдвэрлэлийн угаах, самнах хүчин чадал харьцангуй дээшилсэн өнөө үед дараагийн шат болох ээрэх дамжлага, ээрмэл утас үйлдвэрлэл, улмаар бэлэн болсон сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Тодруулж хэлбэл, тус хөтөлбөрийн үндсэн санаа нь дотоодоос бэлтгэж болох ноолуурыг аль болох дотоодын үйлдвэрлэлд шингээж, авч үлдэх, түүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл дотооддоо бүрэн боловсруулалт хийх, цаашид доод түвшний боловсруулалт буюу угаасан ноолуурын экспортыг бууруулах зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Монгол улсын Хөгжлийн банк нь ХХААХҮЯ, Монголын ноос, ноолуурын холбоотой нягт хамтран ажиллаж байна. Банкны зүгээс яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, бусад холбогдох дотоод дүрэм, журамд заасан шаардлагыг хангасан ноолуурын компаниудын зээлийн хүсэлтийг судалж шийдвэрлэх болно. Яамны зүгээс ноолуурын компаний жагсаалт, тэдний үйлдвэрлэлийн хүчин чадлын талаар мэдээллийг банкинд ирүүлэх, мөн зээлийн хүсэлт шийдвэрлэгдсэн компаниудтай хяналтын гэрээ байгуулж банктай цуг хяналт тавих юм. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, түрүүн хэлсэн хуулийн шаардлагыг бүрэн хангасан компаниудын хүсэлтийг судлана. Тэрнээс биш яамнаас өгсөн эсвэл ноос, ноолуурын холбооноос өгсөн жагсаалтанд манай компаний нэр байгаа тул бид зээл заавал авах ёстой гэсэн ойлголт байж болохгүйг анхаарах хэрэгтэй. Банк эдгээр жагсаалтыг зөвхөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг, хэдий хэмжээний ноолуур боловсруулах хүчин чадалтай компани вэ гэдэг мэдээллийн талаас харж судалгаа, шинжилгээгээ хийх болно. Дөнгөж шинээр эхлэх гэж байгаа компаниуд энэ удаа ноолуур хөтөлбөрт хамрагдах боломжгүйг бас хэлэх нь зүйтэй байх. Дашрамд дурдахад, ноолуурын компаниуд эхнээсээ цахимаар зээлийн хүсэлтээ оруулаад эхэлсэн байгаа тул хөтөлбөр эхэлсэн гэж ойлгож болно.
Ноолуур хөтөлбөрийг ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ. Барьцаа хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрийг эхний ээлжинд дүгнэх, алдаа дутагдал гарсан бол засах боломжийг нээлттэй байлгах үүднээс эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг үйлдвэрлэлийн шатлалаас хамаарч хоёр хүртэл жилийн хугацаатай олгохоор төлөвлөж байна. Тодруулж хэлбэл, зөвхөн самнах үйлдвэрлэл явуулдаг бол хугацаа 6-8 сар, ээрэх, сүлжих буюу бүр эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд шатлалаас нь хамаараад 2 хүртэл жил байна. Үр дүнг тооцоод бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлээд дараагийн санхүүжилтийг нэмж олгох эсвэл дахин олгох арга хэмжээг авна. Харин техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн санхүүжилтийг 5-аас доошгүй жилээр олгоно. Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү энэ жилдээ 12 хувьтай байхаар тооцсон. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлогоос шалтгаалан хүү буурах боломжтой. Тухайлбал, Засгийн газраас энэ хөтөлбөрийг дэмжээд тодорхой хэмжээнд хүүний зөрүү олгох асуудлыг төсөвт суулгах боломж бүрдвэл зээлийн хүү эрх жилээс буурах боломжтой гэсэн үг. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зээлийн хувьд хүү, хугацаа өөр байна. Учир нь ноолуурын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орнуудын Эксим банкнаас хөнгөлттэй зээл авч санхүүжүүлэх боломжтой тул зээлийн хүү, хугацаа үйлдвэрлэгчдэд илүү тааламжтай байх болно. Ноолуурын үйлдвэрүүдэд зээл олгоход барьцаа хөрөнгийн дутагдалын асуудал гарч ирдэг. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкнаас гарах зээл, санхүүжилт нь барьцаа, баталгаагаар заавал хангагдсан байх ёстой. Мэдээж аж ахуйн нэгжүүд үйлдвэрийнхээ боломжид, хүчин чадалд тааруулж зээл авахыг хүсэх байх. Гэхдээ дийлэнх компаниудад барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байх магадлалтай, тиймээс барьцаа дутагдалтай аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуйн давхар даатгал болон даатгалын компаниудаар дутаж байгаа хөрөнгө дээр даатгал хийлгүүлээд санхүүжилт олгох боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн цуглуулсан ноолуурыг нь тодорхой үнэлгээгээр байрьцаалах асуудлыг яам, үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцож судалж байгаа болно. Барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд ийм боломж нээгдэх байх гэж харж байгаа.
Тоног төхөөрөмжийг лизингээр олгох уу. Манай үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар байдаг вэ?
Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн жил үйл ажиллагааг нь эхлүүлсэн Ди Би Эм лизинг охин компаниараа дамжуулан тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд илүү тааламжтай нөхцөлөөр тоног төхөөрөмж лизингээр авах боломжийг бүрдүүлэхээр судлан ажиллаж байна.
Салбарын нийт үйлдвэрлэлийн хувьд Япон улсын хөрөнгө оруулалттай “Говь” ХК нь 60%-ийг үйлдвэрлэдэг бол үлдсэн 40 орчим хувийг бусад үйлдвэрүүд бүрдүүлдэг. Энэхүү салбарын хувьд техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, ноос, ноолуурын үнэ, түүхий эдийн нөөц гэх мэт хүчин зүйлсээс хамааран бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь компани тус бүр дээр харилцан адилгүй байдаг. Монгол улсын хувьд ноолуурын угаах хүчин чадал 100 хувь хангагдсан бол самнах, ээрэх, сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа. Хэрэв дотоодын үйлдвэрлэгчдэд техник тоног төхөөрөмжийн хүчин чадлаа сайжруулахад нь тусламж, дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнэ, чанар, загвар дизайн гэх мэт бүхий л талаараа дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой гэж бид харж байгаа. Тоног төхөөрөмжөөс гадна эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалан үйлдвэрүүд хангалттай хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна.
МУХБ-наас ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжилт олгож байв уу, ямар хэмжээтэй санхүүжилт, ямар зориулалтаар олгож байсан бэ. Үр дүнгийн талаар?
МУХБ өмнө нь 2012-2016 онд дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулан тоног төхөөрөмжийг шинэчлэх, эцсийн бүтээгдэхүүн экспортлох явдлыг дэмжих зорилгоор хэд хэдэн удаа Арилжааны банкуудаар дамжуулсан хөтөлбөр хэрэгжүүлж 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг давхардсан тоогоор 65 ААН-д дамжуулан олгож байсан байдаг.
Тухайлбал 2015-2016 онд 6 банкаар дамжуулан 56.2 тэрбум төгрөгийн ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зээл олгосны үр дүнд тухайн үедээ 2000 тн түүхий ноолуур бэлтгэж, 1281 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 84,434 сая төгрөгийн бүтээгдэхүүн экспортлон, үйлдвэрлэл өмнөх оноос 112%, экспорт 119% тус тус өсч байсан мэдээ бий.
Ноолуурын салбар улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ? Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засагт ямар эерэг үр дүн авчрах тооцоо байна вэ?
Монголын хүн бүр л мэдэж байгаа ноолуур бол жил бүр нөхөн сэргээгдэж байдаг бидний шавхагдашгүй үнэт баялаг. Энэхүү баялаг малчид, үйлдвэрлэгч нарт үр өгөөжөө өгөөд зогсохгүй улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2017 онд ноолуурын нийт нөөцийн 12 хувийг бүрэн боловсруулж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл аж үйлдвэрийн 2,3 хувь, боловсруулах үйлдвэрийн 7 хувь, хөнгөн үйлвэрийн 55 хувийг тус тус эзэлсэн байна. Хөтөлбөр бүхэлдээ ноолуурын үйлдвэрлэлийн боловсруулалтын үе шатыг ахиулах, аль болох боловсруулалтыг илүү өндөр түвшинд хүргэж, нэмэгдүүлэхийг зорьж байгаа учир тэр хэмжээгээрээ шинээр ажлын байр бий болох, Монгол улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийн сацуу гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ноолуур хөтөлбөрт туссанаар хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуурын салбарт одоо байгаа 5000 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өсгөх зорилттой байгаа билээ.
Ямааны тоо толгой бага, үйлдвэрлэлийн хүчин чадал муу хэрнээ дэлхийд экспортлож буй түүхий ноолуурын 40 хувийг хангаж байгаа нь дэмжээд өгвөл экспортоо нэмэгдүүлэх боломж гэж харж байна уу?
Тийм. Бид дараагийн түвшиндээ гүн боловсруулалтад орсон ноолууран бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүний хувь хэмжээгээ өсгөх нь хөтөлбөрийн гол зорилго. Манай улс 2017 онд 9200 тн орчим түүхий ноолуур үйлдвэрлэсэн. Нийт үйлдвэрлэлийн 85%-ийг анхан шатны боловсруулалт хийж угааж, самнаж экспортод гаргаж, 15%-ийг дотооддоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар жижиг, том 150 орчим ноос, ноолуурын үйлдвэр байгаа бөгөөд эдгээрээс үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэглэгчдийн тоо, салбар нэгжийн тархалт зэргээрээ “Говь”ХК тэргүүлдэг бөгөөд тус компани нь дэлхийн 35 оронд 150 франчайзинг болон нэрийн дэлгүүрээ ажиллуулж байгаа нь манай улсын ноолуур, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх нэр хүнд, байр суурь дээгүүр байгааг илтгэж байна.
Дэлхийн ноолууран хувцас, пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Max Mara компани 2017 онд 40,000 ширхэг пальто үйлдвэрлэсэн бол “Говь”ХК 41,000 ширхэг пальто үйлдвэрлэсэн нь дэлхийд ноолууран пальто үйлдвэрлэлээр тэргүүлж байгааг илтгэж байна. 2016 онд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ адилхан байсан боловч борлуулсан үнийн зөрүүнээс болж Говь ХК нийт 29 сая долларын борлуулалт, Eric Bompard 64 сая долларын борлуулалт хийжээ. Энэ нь монгол ноолуур дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлснээр борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр, Монголын үйлдвэрүүдэд асар их нөөц боломж, ирээдүй байгааг харуулж байна.
Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээл дээр нэр хүндтэй байр сууриа аль хэдийн олсон, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болсон бөгөөд үүний нэг тод жишээ нь: Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, Японоос импортолж байгаа 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж байгаа бөгөөд ноолуур, ноолууран бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн байна. Монгол Улс одоогийн байдлаар дэлхийн 31 оронд ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ экспортолж байна.
Одоо хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухайд өмнөх санхүүжилтээс юугаараа онцлог вэ?
Хөтөлбөрийн хугацаа урт, хүү жил жилээр буурах боломжтой. Барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжид даатгалын байгууллагуудтай хамтран олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр, аль болох ахиу хөрөнгө оруулалт өгч дэмжлэг үзүүлнэ. Шинэ аж ахуйн нэгжид зээл олгох, зээлийг зориулалт бусаар ашиглах тохиолдлууд мэр сэр гардаг. Үүнийг хязгаарлах үүднээс үйл ажиллагаа нь жигдэрсэн, тодорхой туршлагатай аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохыг зорьж байгаа.
МУХБ-ны хувьд 2018 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрүүд бий юу?
Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд МУХБ тухай бүр оролцож, дэмжиж ажилладаг. Тухайлбал ТЭЦ 4-ийн трубины шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийг олгохоор ажиллаж байна. Төслийн нийт өртөг 93 сая ам.доллар. Энэ онд бид эхний ээлжинд ОХУ-ын Внешэкономбанкнаас 25 сая долларыг авч санхүүжүүлнэ. Түүнчлэн Эгийн голын УЦС-ын төсөл, Газрын тосны үйлдвэрлэлийн төсөл болон экспортыг нэмэгдүүлэх хөдөө аж ахуй, уул уурхайн төслүүдийг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд алт хөтөлбөрт 40 гаруй аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлтийг судалж 10 гаруй аж ахуйн нэгжид санхүүжилт олгосон. Бид гадна талдаа ийнхүү улс орны нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх төслүүдээ санхүүжүүлэхэд оролцож явна. Дотооддоо мөн адил үйл ажиллагаагаа аль болох олон улсын Хөгжлийн банкуудын жишигт хүргэж, өргөжүүлж, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Хөгжлийн банк банкны салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн оны сүүлээс эхлэн зээлийн хүсэлтийг цахимаар авч байгаа. Хүсэлтээ өгсөн ААН-д төслийн явц, судалгаа ямар шатандаа явж байгаа, ямар хугацаанд шийдэгдэх вэ гэдгийг онлайнаар харах боломжтой. Энэ нь зээл хүсэгч компани болон банкны хувьд илүү цаг хугацаа хэмнэсэн, нээлттэй, ил тод байдлыг бий болгож өгч байгаа юм. Монгол улсдаа анх удаа нэвтрүүлсэн гээд хийж хэрэгжүүлэхээр зорьж буй хэрэгжүүлээд эхэлсэн олон ажил бий.
2017 онд эхлүүлсэн төсөл хөтөлбөрийн явц ямар байна вэ? Зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ?
2017 он бидний хувьд онцлог жил байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хуультай уялдаад дотоод бодлого, дүрэм, журмуудаа шинэчлэж дууслаа. Өнгөрсөн оны 4 сараас эхлэн шинэ хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт санхүүжүүлсэн төслийн 70 орчим хувь нь экспортонд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд байгаа. Төслийн санхүүжилтийг үе шаттайгаар төслийн явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан олгож, хяналтыг тогтмол тавьж ажиллах болсон нь төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэл, хяналтыг сайжруулаад зогсохгүй зээл зориулалт бусаар ашиглах эрсдэлийг багасгаж байгаа юм. Өмнөх жилүүдэд олгосон хэдэн зээлийг эс тооцвол зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа. Тухайлбал, 2017 онд 1,0 их наяд төгрөгийн зээл, зээлийн хүү төлүүлсэн бол энэ оны эхний 2 сард бид 280 орчим тэрбум төгрөгийг төлүүлээд байна. Мэдээж өмнөх жилүүдэд олгосон зээлээ төлөхгүй асуудал үүсгэсэн газрыг хууль, шүүхийн байгууллагад өгч төлүүлэх арга хэмжээ авч байгаа.
Гадаад зах зээлээс босгох санхүүжилтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Шинэ төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд эх үүсвэрийн асуудал гарч байгаа. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж байгаатай холбогдуулан Хөгжлийн банкинд эх үүсвэр татахад тодорхой хязгаарлалт тавигдсан. Нэгд, ОУВС-аас зөвхөн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр татахыг тодруулбал жилийн 2 хувиас доош хүүтэй, 20 жилээс дээш хугацаатай эх үүсвэр татахыг зөвшөөрсөн. Мэдээж ийм нөхцөлтэй хөгжлийн зээлүүд Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банкинд олдох боломж маш хязгаарлагдмал юм. Хоёрт, өмнөх жилүүдэд татсан гадаад эх үүсвэрийг төлөх зорилгоор шинэ эх үүсвэр татаж болох орон зайг үлдээсэн. Энэхүү ОУВС –ийн хязгаарлалт нь экспорт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг хүү багатай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа болно. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банк бие даасан байдлаа бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах үүднээс 2017 оноос хойш санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг Засгийн газрын баталгаагүйгээр өөрсдөө татаж байгаа билээ.
Гадаад зах зээлээс босгох санхүүжилт хязгаарлагдмал байгаа хэдий ч тодорхой хэмжээний санхүүжилт босгох ажлууд явагдаж байгаа байх. Энэ талаар?
Хязгаарлалтын хүрээнд өмнө нь санхүүжүүлсэн төслөө дахин санхүүжүүлэх, хугацааг нь уртасгах өрийн удирдлагын менежмэнт хийж байгаа. 2017 онд Засгийн газрын баталгаагүйгээр 100 орчим сая долларыг гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас татсан. Саяхан бид ОХУ-д төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 30 сая еврогийн зээл авсан.
Энэ онд гадна талд төлөх өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа бол нэмж төлөх үү?
МУХБ нь өнгөрсөн жилүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа амжилттай биелүүлж, эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2017 онд бид гадна талдаа евро 580 сая ам.долларын бондын төлбөрийг оруулаад нийт 1,7 их наяд төгрөгийн төлбөрийг цаг тухайд нь төлсөн. 2018 онд ч мөн адил дээрх жишгийн дагуу ажиллаж байна. Энэ онд урт болон богино хугацаатай эх үүсвэрийн төлбөрт нийт 270 орчим сая ам.долларыг эргэн төлөх хуваарьтай байна. Одоогийн байдлаар эхний улирлын эргэн төлөлтийг хувиарын дагуу гүйцэтгэсэн байгаа.
Өнгөрсөн жил байгуулсан охин компаниудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу? ХАА-н машин механизм лизингээр олгох үйл ажиллагааны явц ямар байгаа вэ?
Ди Би Эм лизинг компани өнгөрсөн оны 5 сард байгуулагдсан. Анхны ажил нь ХАА-н тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 540 гаруй техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод явж байна. Зарим тоног төхөөрөмжүүд нь хаврын тариалалтын өмнө ирж олгогдохоор байгаа. Энэ жил дахин 10 сая долларын ХАА-н тоног төхөөрөмж авахаар 4, 5 дугаар сард гэрээ хэлэлцээр хийхээр ажиллаж байна. ОХУ-ын Хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлэхээр тус банкны удирдлагуудтай манай банк хэлцэл хийж тохирсон байгаа.
Хөгжлийн банк зөвхөн зээл олгоод зогсохгүй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх Хөрөнгө оруулалт, менежментийн охин компани байгуулсан. Энэ компани нь хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох бэлтгэл ажлаа хангаад явж байна. Өнгөрсөн 12 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авсан.
Эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж шинэ хуулиа өнгөрсөн оны 4 дүгээр сараас мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанд гарсан томоохон өөрчлөлтүүд юу байв? МУХБ бие даан хараат бусаар үйл ажиллагаа явуулж байгаа юу?
Өмнөх хуулиар Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлэх төслүүдийг УИХ –аас баталж байсан. Шинэ хуулийн зохицуулалтаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ, Засгийн газар тусгайлан батлахгүй гэж заасан байгаа. Үүнийг бид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тавьсан шаардлагыг бүрэн хангасан төслийн санхүүжилтийг мэргэжлийн баг судалгаа шинжилгээ хийж, холбогдох хорооны шийдвэрээр бие даан гаргаж байгаа. Хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоо илүү чангарсан. Монголбанкнаас Хөгжлийн банкны активийг ангилах, активийн эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам, мөн Үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох, түүнд хяналт тавих журмыг тус тус баталж хяналтаа тавьж байна. Засгийн газар 2 жил тутам Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилтийг хуулийн дагуу явуулж буй эсэхэд шалгалт хийхээр болсон. Олон улсын аудитын байгууллагаар жил, хагас жил тутам санхүүгийн аудит хийлгэж байна.
МУХБ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хэр хангаж байна вэ?
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа. Тухайбал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 10.5 хувиас багагүй байх шаардлагыг энэ оны 2 дугаар сарын байдлаар 32.2 хувиар хангаж байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 100 хувиас багагүй байх бол 249 хувь байх жишээтэй. Нийт том зээлдэгч, тэдгээрт холбогдох этгээдүүдэд олгосон зээл, зээлтэй адилтгах хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр 80%-иас хэтрэхгүй байхаас 2 дугаар сарын байдлаар энэ үзүүлэлт 13.1 хувьтай байна. Мөн банкны урт хугацаат актив, тогтвортой эх үүсвэрийн харьцаа 80%-иас багагүй байхаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд тусгасан ч 140.79 хувьтай байна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч С.Оюун
Сэтгэгдэл ( 1 )
Ноолууран өөрсдөө боловсруулах чухал.Хятадын зах зээл рүү гаргахыг эрс эсэргүүцэж байна