Чөлөөт эдийн засгийг чөдөрлөсөн нь

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Монголд чөлөөт эдийн засаг биш бүр “хүчирхийллийн эдийн засаг” бодитойгоор оршиж байна. Нийслэлд кг махны үнэ 7000 төгрөг болж, хөгшчүүлийн гол харлан “нүд аних” шахаж байх тэр үед  Хөвсгөлд ажиллаж байсан УИХ-ын эрхэм гишүүнээс малчид махны үнийг ядаж 1000 төгрөг болгоод өгөөч гэж гуйж байж билээ. Хот хөдөөнийхнийг хоорондоо “алалцах” шахаж байх үед болсон энэ явдал хэргийн гол буруутан нь малчид биш, ченжүүд гэдгийг хууль тогтоогчдод мэдрүүлсэн. Жижиглэн худалдаачид, ченжүүд улс дотроо бараа бүтээгдэхүүний үнийг долоо дахин өсгөж чаддаг зах зээлтэй улс. Тэгэхээр Италид 90 центийн бяслаг Монголд 6000 төгрөгөөр зарагдах ч бага хэрэг байгаа биз дээ. Харамсалтай нь, үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч ченжүүд амь бөхтэй оршсоор, иргэдийг “хүчирхийлсээр” байна.

Намрын цагт ургац хураалтын үеэр кг төмсний үнэ 250 төгрөг болтлоо хямдардаг байв. Гэтэл зах зээлийн энэ хууль Монголд үйлчлэхээ болиод удаж байна. Монгол Улс цалингаа хоёр дахин нэмээгүй, хүнсний ногооны ургац хоёр дахин нэмэгдчихээд байхад яагаад ийм байна вэ. Ийм жишээ бидний эргэн тойронд оршиж байна. Чөлөөт зах зээлийн хуулиар бол нүүрсний хэрэглээ нэмэгддэг үе ирэхэд нүүрсний үнэ буурах ёстой. Гэтэл Монголд нүүрс иргэдийн гарт очихдоо гурван шат дамжиж, үнэ нь уурхайгаас гарч байгаагаасаа 300 хувь нэмэгддэг.

Монгол Улсад хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг үйлчилгээний байгууллагууд өнгөлдөг үе хараахан арилаагүй байна. Гэтэл, ядаж байхад гэдэг шиг ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ бөөний болон жижиглэн худалдааны салбарынхан тэргүүлэх шахаж байгаа нь эрүүл явдал уу. Зах зээл жинхэнэ утгаараа хөгжчихсөн орнуудад жижиглэн худалдааны үнэ бөөнийхөөсөө дунджаар 15 хувиар илүү байдаг. Гэтэл манайхан нэрийн хуудас болсон, хамгийн хямдхан худалдаж авах ёстой махаа долоо нугалуулан шулуулаад сууж байсан болж таарч байна.    

Банкны зээлийн хүү өндөр байгаагаас илүү хүний шунал бас үүнд их жин дарж байна. Нэг ийм яриа бий. Английн Ерөнхий сайд асан Томас Морын “Утопи арал” зохиолыг амьдралд хэрэгжүүлэхээр зориглосон В.И.Ленинээс капиталист ертөнцийн нэг эрхэм “Таны байгуулах улс ямар улс байх вэ” гэж асуужээ. В.Ленин тэгэхэд “Тэнд эд баялаг хүн болгонд хүрэлцэхээр байх болно. Харин тэр баялгаас хүн хэрэгцээний хэрээрээ авах ёстой” гэж хариулсан байдаг. Нөгөө эрхэм “Хүн хүссэнээрээ л авахыг хүсдэг биз дээ. Хүмүүс шуналтаад ихээр нь аваад эхэлбэл яах болж байна” гэхэд “Үүний тулд ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Шуналыг үгүй болгох ёстой” гэсэн тухай. Шуналыг үгүй болгох боломжгүй тул коммунизм байгуулах явдал анхнаасаа л бүтэхгүй байсан гэдэг нь угаасаа л тодорхой. Владимир Ильич үүнийг мэдэж байсан ч ард түмний ядуу байдлыг ашиглан төрийн эрхэнд гарах хүслээсээ татгалзаж чадаагүй байж тун магадгүй. Агуу удирдагч ч манай жижиглэн худалдаачдын адил шуналын хүлээсэнд орчихсон байсан байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр хүний шуналыг үгүй болгох боломжгүй. Гэхдээ эрхэм гишүүн Л.Гүндалайн нэг үгийг энд дурдмаар санагдлаа. “Шуналтай байж болно оо. Гэхдээ бирд болж болохгүй шүү дээ” гэж. Ченжүүд, жижиглэн худалдаачдыг ингэж давраасан нь шууд хэлэхэд, эрх баригчдын өөрсдийнх нь буруу. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах гэж байгаад нь баяр хүргэе. Гэхдээ энэ бол олон дундаас нэгийг нь л шийдсэн явдал болж байна. Асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм.  

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажил хэрэгт төр шууд оролцохгүй ч гэсэн хэм хэмжээг нь тогтоож өгөх ёстой юм. Хамгийн ойрын жишээ гэхэд л манай хойд хөрш ОХУ ингэдэг. Тэд хамгийн сүүлд спирт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдахыг хориглосон. Гэтэл манайд хууль нь ч байхгүй. Өнгөрсөн зун шатахууны үнэ нэмэгдэхэд л “Жижиглэн худалдааны тухай хууль”-ийг санаачилж байх жишээтэй. Бараа бүтээгдэхүүнийг аль болох цөөн шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт хүргэх зорилтыг энэ хууль зохицуулах учиртай юм.

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuuhch(66.181.181.72) 2018 оны 04 сарын 04

CHOLOOT EDIIN ZASAG ZERLEG KAPITALIZM RUU AVAACHDAG

0  |  0
Од(66.181.185.234) 2018 оны 04 сарын 04

Чөлөөт зах зээл бүрэн утгаараа манайд тохирохгүй байгааг одоо болтол ойлгоогүй явж байгаа нь харамсалтай бөгөөд хортой.

0  |  0
Top