Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж талархлаа илэрхийлдэг. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулах ерөнхий үйл ажиллагааны талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа нар оролцлоо. Хэвлэлийн хурлын үеэр НӨАТ-ын баримтын талаар мэдээлэл өгөхөд он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,965,001 нь баталгаажжээ. Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон бол супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон юм. Журамд заасны дагуу дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авах учиртай. Энэхүү супер шагналын эзнээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар тодорч батламж авлаа. Сугалааны азтан Э.Туул “Би сувилагчаар 19 дэх жилдээ ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг. Энэ ажлын минь буян ирж, азтан болсон юм болов уу гэж бодож байна. Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” таргийг зээ охиндоо авч өгөөд азтан болсон. Би гэр хороололд амьдарч байгаа. Хожсон мөнгөөрөө байр авах байх гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна” гэж ярьсан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Ene balai yumandcl chini hen itgeh we de.sdakuud tanidag hundee l ugj bga bz