Ирэх даваа гарагт Төрийн ордонд эхлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын бэлтгэл бүрэн хангагдсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамтран ажиллаж байгаа МҮХАҮТ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг /2018.05.18/ хүлээн авч уулзав.
Чуулганы бэлтгэл хангагдсан, төр, хувийн хэвшил хамтарвал эдийн засгийг сэргээх ямар боломжтой гэдгийг нотлон харуулсан, эдийн засаг гэлтгүй нийгэм, улс төр гэх мэт өргөн хүрээг хамарсан чуулган болно. Шаардагдах бүх зардлыг хувийн хэвшлийнхэн гаргасан тухай зохион байгуулагчид нь Ерөнхий сайдад танилцууллаа.
Бүх салбар хуралдааныг нэр бүхий телевизүүд шууд дамжуулах бөгөөд цахим технологийг өргөн ашиглахаар төлөвлөсөн байна. Тухайлбал иргэд анх удаа цахим аппликэйшн ашиглаж сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлжээ.
“Хүчээ нэгтгэе” уриан дор болох энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа олон асуудлыг харилцан ярилцаж, гарц, шийдэл эрэлхийлэн, бодит үр дүн гаргана гэсэн хүлээлт өндөр байна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлсний дараа Дэлхийн банкны төлөөлөл “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавихаар болжээ.
Дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт, Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй, Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, хувьчлалын бодлого, Аялал жуулчлал-Агаарын тээвэр, Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл, Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт, Монгол Улсын Брэндинг, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвийг 12 салбар хуралдаанаар хэлэлцэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөнө.
Төр, засаг шинжлэх ухаанд суурилсан, тооцоо судалгаатай бодлого явуулах ёстой. Бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах нь хөгжлийн хамгийн зөв гарц гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр хэллээ. Иймээс “Татвар төлж, ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгчдээ аль болох дэмжинэ, хамгаална. Ингэж байж ажил хайж байгаа 120 мянган хүнийг хамтран ажилтай, орлоготой болгоно. Ерөнхий сайдын хувьд Засаг дарга нарын ажлыг орон нутагтаа хэдэн ажлын байр бий болгосон гэдгээр нь дүгнэнэ” гэлээ.
Тэрээр “Олон жил үргэлжилж байгаа хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон бүтээн байгуулж эдийн засгаа босгоё. Хүчээ нэгтгэе, Бодлоо нэгтгэе, Нэг зүг харъя” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )