Н.Баяртсайхан:Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль банкны салбарт хийгдэх өөрчлөлтийг иж бүрэн болгоно

2018 оны 06 сарын 01

УИХ-ын чуулганы /2018.05.31/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Монголбанкны удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт сүүлийн 30-аад жилд хийгдэж байгаа томоохонд тооцогдох өөрчлөлт” хэмээн онцолсон. Энэхүү өөрчлөлтийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж эхэлж байгаа гэлээ. Өөрчлөлтийг хийхийн тулд эхлээд бүх арилжааны банкуудын эрүүл мэнд ямар байгаа вэ гэдэгт “оношилгоо” хийжээ. Үүнийг активын чанарын үнэлгээ гэх бөгөөд энэхүү үнэлгээг олон улсын аудитын томоохон компани болох “TWC” компанитай хамтран хийжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Чанарын үнэлгээний үр дүн тун боломжтой гарсан гэж болно. Банкууд нийт дүнгээрээ 511 тэрбум төгрөг буюу буюу ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдалтай байна гэсэн “онош” тавигдсан. Үүнийг бид Монгол Улсын банк, санхүүгийн салбар тогтвортой ажиллах боломжтой, эрсдэл багатай гэсэн дүгнэлт гэж харж байна. ОУВС мөн ингэж үзэж өөрийн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан” гэж хэлсэн.

Чанарын үнэлгээний дараа Монголбанк арилжааны банкуудаас дутагдаж байгаа энэ хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэхээр тооцсон бизнес төлөвлөгөөг нь авчээ. Ингээд тэрхүү төлөвлөгөөнүүдэд ОУВС-тай хамтран дахин үнэлгээ хийгээд дутагдаж байгаа хөрөнгийг 2018 онд багтааж босгож нэмэгдүүлэх даалгаврыг арилжааны банкуудад өгсөн байна. Арилжааны банкууд идэвхтэй ажиллаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч дурдаад 28 их наяд төгрөгийн активтай банкны салбаруудад 511 тэрбум их тоо биш гэдгийг онцолж байлаа.

Банкны салбар эрсдэлгүй байгаа энэ үед арилжааны банкууд 2018 ондоо багтаан дутагдаж буй хөрөнгийг босгох бүрэн бололцоотой гэж Монголбанк үзжээ.

Гэсэн ч ОУВС-гаас зөвлөсний дагуу Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн. Ирэх долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.


Тэрбээр, “Энэ хууль нь банкны салбарт хийгдэж буй өөрчлөлтийг иж бүрэн болгох маш чухал ач холбогдолтой юм. Банк эрүүл байвал санхүүгийн салбар эрүүл байна. Санхүүгийн салбар эрүүл байвал эдийн засаг хүчтэй болж, нийгэм эрүүлжинэ хэмээн үзэж банкны салбарын өөрчлөлтийг эхлүүлж байгаа. Тэгвэл Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар банкны салбарыг хүчтэй болгох, санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ямар нэг эрсдэлд оруулахгүй байх урьдчилсан хамгаалалтыг хийж чадах юм.

Энэ хууль батлагдвал санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалж, аливаа доргио, донсолгоо, хямралаас бүрэн сэргийлж чадах юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Монголын санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх гэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч сая хэллээ. Энэ том өөрчлөлтийг хийхэд банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагчдад ямар нэг эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэл үүсэхээр байвал хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ачаалал очихгүй байх нөхцөл бололцоог урьдчилан бүрдүүлэхэд Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн гол зорилго оршиж байгаа юм. Хадгаламж эзэмшигчид, харилцагчдын банкинд итгэх итгэл үнэмшил тогтвортой байснаар банкууд бүтцийн өөрчлөлтийн бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.


Хэрвээ банкуудад хийх өөрчлөлт шинэчлэл хэд хэдэн үе шаттай явна гэж УИХ-ын гишүүд бид ойлгож байгаа.

Юуны өмнө банкууд дутагдсан хөрөнгөө нөхөөд, эдийн засаг санхүүгийн байдлыг илааршуулах үүргээ хариуцах ёстой. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн эхний үе шатанд хийгдэх ажил.

Дараагийн үе шатанд банкууд өөрсдөө дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй бол бусад сонирхож байгаа хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар дутагдсан хөрөнгийг харилцагчдад ачааалал өгөхгүйгээр шийдэх учиртай. Энэ үе шатанд банкууд дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй байдал үүсвэл төр оролцож зохицуулах механизмыг энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа.

Үүнээс үзвэл харилцагчид болоод хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн эрсдэл, нэмэгдэл ачаалал очихгүй. Ингэснээр банкууд тогтвортой ажиллах маш чухал нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.

 

Үндсэндээ харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хамгаалсан, банкуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн, түүнийг төрийн хяналтад байлгаж үр дүнд хүргэх механизмыг агуулсан хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үзсэн байгаа” хэмээн мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.220) 2018 оны 06 сарын 01

БАЯРТСАЙХАН БАНКЫГ ИЭДЭХ ҮҮ ? БАС Л ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ГАРСАН БАРЦОГТ САЙХАНБИЛЭГИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ .

0  |  0
Top