“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт”-ын 3 дахь өдрөө үргэлжилж байна. Төлөөлөгчид “Тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх даян дэлхийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлохын тулд дөрвөн бүлэгт хуваагдан, тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэн, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч байна.
ТОДОРХОЙ СЭДВИЙН ХҮРЭЭНД БҮЛГЭЭР ХЭЛЭЛЦЭВ
"Эрүүл мэнд ба мал, амьтны тавлаг байдал" сэдвээр хэлэлцсэн бүлгийнхэн мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэхэд бүх талын оролцоо чухал болохыг онцолсон. Мөн төрийн засгийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, малчид гээд бүгд жигд ойлголттой байх ёстой гэв. Нөгөөтэйгүүр мал аж ахуйн салбарт эм, бэлдмэл, ялангуяа антибиотикийн үлдэгдлийг хянах нь зөв гэдгийг хэлж байлаа.
"Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт" сэдвээр хуралдсан бүлгийнхэн уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны доройтолд хүргэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тиймээс байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн мэдээллийн сан бий болгох замаар зохистой түвшинг хадгалах, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхэлж, шинжлэх ухааны ололт суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг тодотголоо.
"Амьжиргаа ба эдийн засаг" сэдвээр хэлэлцсэн төлөөлөгчид амьжиргааг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд тухайн бүс нутагт тохирсон хөгжлийн загварыг тодорхойлох нь чухал. Ингэхийн тулд бэлчээр, хөрс, усыг хамгаалах асуудал чухалд тооцогдож байна. Мал аж ахуйн салбарт инновацийг нэвтрүүлж байж, бүтээмж дээшилснээр эдийн засаг өснө гэж үзлээ. Энэ дамшрамд, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь 104 гишүүндээ болон шинээр элссэн гишүүн байгууллагатайгаа хамтран ажиллахаа илэрхийлсэн.
"Хүнс, тэжээл" сэдвээр хуралдсан бүлгийнхэн малын гаралтай бүтээгдэхүүний тэжээллэг байдал, аюулгүй байдлын тогтолцоо, газарзүйн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тогтвортой хүнсний хангамж гэсэн дөрвөн асуудлын хүрээнд авч үзсэн байна. Энэ хэсгийн төлөөлөгчид 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн хооллолтод түлхүү анхаарах нь зүйтэй гэлээ. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жижиг, дунд үйлдвэрийнхэн зонхилдог. Энэ утгаараа үйлдвэрлэгчдийн чадавхийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-өөс туслалцаа үзүүлж болно гэдэг санал дэвшүүллээ.
САЛБАР ХУРАЛДААНААС ГАРСАН ДҮГНЭЛТЭЭ НЭГТГЭН ТАНИЛЦУУЛЛАА
Дөрвөн бүлэг, салбар хуралдаан дууссаны дараа бүлэг хуралдааныг даргалагчид богино илтгэл тавьсан. Үүний дараа, “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн дарга Фритц Шнайдер “Манай хөтөлбөрийн үйл ажиллагаа бусад байгууллагын зорилго, чиглэлтэй давхцах учиргүй. Тиймээс хөтөлбөрийнхөө тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо асуудлын эрэмбэ, дарааллыг баримтлах, гишүүдийнхээ сүлжээг ашиглах нь зүйтэй. Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбарын эрх зүйн орчноо харьцангуй сайн бүрдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг илүү бататгасан нь энэ салбарын хөгжил эрчимжих боломж нөхцөл бүрджээ” гэдгийг төлөөлөгчдөд хандан хэллээ.
Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )