Галт тэрэг Казаньд зогсоогүйсэн бол...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

Юрка Адаманист бол ээжийн дунд сургуулийнх нь нэг ангийн хүүхэд, бас түүний анхны хайр нь. Харин ээж минь надаас огт өөр дуугүйдүү, хаалттай маягийн хүн болохоор энэ тухайгаа ярих тийм ч дуртай биш.

Нэгэн тохиолдлыг би сайн санаж байна. Намайг 10-12 настай байхад ээж бид хоёр галт тэргээр Сочи явсан юм. Замдаа Казань хотод галт тэрэг 15 минут зогссон.

Бидэн рүү нэгэн царайлаг залуу гүйж хүрч ирээд, ээжтэй гар барилцан хэсэг ширтэж зогссоноо, дараа нь хоёулаа тэврэлдэнгээ удаан ярьж зогссон... 15 минут...

Харин ээж минь Юркаг цэрэгт үдэж өгч байснаа дөнгөж саяхан л ярьсан юм. Түүнийг халагдаж иртэл нь хүлээх болно хэмээн ээж амласан гэнэ. Энэ зураг бол түүний алба хааж байсан Кронштадтаас ирсэн аж.


Ээж тухайн үед дээд сургуулиа дүүргээд, Свердловск муж дахь онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн шоронд эмчээр ажиллахаар томилогдсон байна.


Тэд энэ хугацаанд захидлаар байнга харилцаж байж. Юрка цэргээс халагдангуут Свердловск явах галт тэрэгний тасалбар авчээ.

Галт тэрэг нь түүний эцэг эхийн амьдардаг Казань хотоор дайрч өнгөрөх ёстой байж.  Гэрийнхэн нь түүнийг хальт ч болов уулзахыг гуйсан байна...

Тэнд Юркаг Свердловск руу “хайрт Машадаа” очихгүй байхыг ээж нь хэрхэн ятгаж чадсаныг мэдэхгүй. Бодвол, “Тэр бүсгүй дээд сургуулиа төгсөөд ажиллаж байна, чи бас дээд сургуульд сурах ёстой, түүний дараа л гэрлэхээ бодох хэрэгтэй” гэж тэр хэлсэн байх...

Ингээд тэдний хайрын түүх дуусчээ. Харин бүр сүүлд Юрка Свердловскт ирэн, өвдөг сөгдөн гуйж, эмнэлгийн гадаа байнга хүлээсээр... Гэвч ээж хүнтэй гэрлээд, би төрчихсөн байж. Юрка ч мөн хүү, охин хоёртой болчихсон байж.

Ээж минь яагаад гэнэт өнөөдөр түүнийг дурссан юм бол? Тэрээр хуучин зурагнуудаа гаргаж ирээд, бид түүнийг удаан ширтэн суулаа.

Ээж минь Юркаг цэрэгт үдсэн тэр өдөр.

Юрка хэдийн үгүй болсон. Гэвч түүнийг миний ээжээс өөр хэн нэгэн бас дурсаж л суугаа байх даа?!...

Орчуулсан Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top