Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв

2018 оны 08 сарын 27

Монголбанк 2018 онд алт худалдан авалтынхаа хэмжээг өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд хоёрдугаар улирлын байдлаар 11.5 тн алт худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар илүү байна.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлж буй “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа”аяны хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бодлогын санаачлагуудыг гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкны Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газар өнөөдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтаар Монголбанкнаас аяны хэрэгжилтийг танилцуулж, Алт 2 үндэсний хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулга хийлээ. Мөн Монгол Улсын алтны үйлдвэрлэлийн хэтийн төлөв, Улсын хилээр алт хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, Алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийн арга хэлбэр ба тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр оролцсон байгууллагууд илтгэл тавьж танилцуулав. Үүний дараа  төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцлээ.

Эндээс Монголбанк хууль хяналтын байгууллагуудтай хамтран улсын хилээр хууль бусаар алт нэвтрүүлж буй гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд орон нутагт алт худалдан авах цэгийг нээж хөгжүүлэх, АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацаа 2019.01.01 –ний өдөр дуусгавар болохыг 2024 он хүртэл сунгах, алтны гарал үүслийг тодорхой болгохын тулд төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажилладаг байх, алт олборлогч, худалдан авагчийн мэдээллийн нэгдсэн програмыг нэвтрүүлэх гэх мэт дүгнэлтэд хүрэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top