“Нээлт”-ээс “Нүүрс” хүртэл: Чуулган хэрэгтэй гэж үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

Нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцдэг “Coal Mongolia” чуулган энэ жил найм, уул уурхайн салбарын хөгжил, чиг хандлагыг хэлэлцдэг “Discover Mongolia” чуулга уулзалт 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Гадна, дотнынхон чуулж байх хооронд эдийн засгийн өсөлт 17 хувиас 5 болтлоо буурч, засаг тавантаа солигдож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4-8 удаа солигджээ. Монголын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтдог байдал өөрчлөгдсөнгүй. Гэсэн атлаа эдийн засгийн ихэнхийг бүрдүүлж буй уул уурхайн салбараа дээр дооргүй үзэн ядна. Нэг ёсондоо анх эхэлсэн байрандаа байна. Тэгэхээр ийм чуулга уулзалтууд зохион байгуулах нь хэрэгтэй гэж үү?

Хэрэгтэй гэж үү?

Шууд хариулахад хэрэггүй. Гаднынхан мянга чуулаад төрийн тогтворгүй байдал, монгол төрийн залгамж халаагүй байдал, төрийн бодлогын уялдаа холбоо тааруу зэрэг нь өөрчлөгдөөгүй. Цаашид ч өөрчлөгдөхгүй. Төрийн бодлого ямар байхаас үл хамаараад уул уурхайн томоохон компаниудын бодлогоор жижиг компаниуд хөдөлж буй. Тэгэхээр ямар хэрэгтэй гэж. Гэвч “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр сануул” гэдэг шиг Монгол Улсын уул уурхай ийм бодлогоор явж байгаа, компаниудын байр суурь ийм байгаа гэдгийг гаднынханд сануулж байхгүй бол болохгүй. Засгийн газар ч гэсэн хувийн хэвшлийнхэнд, гадаадын төлөөлөгчдөд бодлогоо танилцуулах нь зүйн хэрэг. Зөвхөн бодлын солбицол учраас жил бүр зохион байгуулж ирсэн нь энэ.

“Тэмцэгчид асуудлыг хүчээр шийдэх гэдэг. Тэд хүссэндээ биш аргагүй болоод тэгдэг. Юм бүрийг аргагүй болтол явуулбал ийм л үр дүн гарна. Иймийн тулд л форум, чуулган байдаг юм” гэж Нээлттэй мэдлэг боловсролын сангийн тэргүүн Д.Энхбат ярьж байжээ.

“Нээлт”-ээс “Нүүрс” хүртэл...

2002 он. Шинэ нийгэмд шилжээд аравхан жилийг үдсэн Монгол Улс дэлхий дахинд байгалийн асар их нөөцөөрөө танигдах эхлэлээ тавьж байсан үе. “Эрдэнэт” үйлдвэрээр жишээлсэн гаднынхан чухамдаа үүнтэй адилтгах олон арван баялаг бий гэдгийг ойлгож байсан цаг. Тухайн үед энэ чуулганд урд, хойд хоёр хөршийн төлөөлөгчид, Америкийн хэд, хэдэн төлөөлөгч л оролцож байжээ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт чухал болохыг, төрийн бодлого нэгдмэл, урт хугацааных байх ёстойг 16 жилийн өмнө ярилцаж байсан юм. Анх зохиогдохдоо л шинэ содон байсан энэ чуулган гадаадын төлөөлөгчдийг оролцуулж чуулж болдог юм байна гэдгийг харуулсан. Энэ форумыг 2006 он хүртэл гаднынхан тоодоггүй байлаа. Их Британид бүртгэлтэй Австралийн компани “Рио Тинто” 2006 оны үед Монголын Засгийн газартай холбогдсон үеэс гадаадын төлөөлөгчид сонирхох болов. Улмаар 2008 оноос "Оюутолгой" төслийн талаар Монгол Улсын Засгийн газартай холбогдож эхэлсэн үеэс олон улсын томоохон байгууллагын төлөөлөл энэ чуулганд оролцдог болжээ. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоог давж байх цаг үед Канад, Скандинавын хойгийн орнууд, Хятад, Оросын төлөөлөгчид илүү олноор оролцох санал ирүүлэх болж хэлэлцэх асуудлын цар хүрээ ч нэмэгдэж эхлэв. Өмнө нь зөвхөн хөрөнгө оруулагчдыг урьдаг байсан бол энэ цаг үед хөрөнгө оруулагчдыг бодлогоор хэрхэн дэмжих вэ, Засгийн газрын оролцоо аль зэрэг хэмжээнд байх вэ? Монголд чухам ямар үр ашигтай вэ? Шинэ тутам хөгжиж буй ямар технологийг уул уурхайд нэвтрүүлэх вэ гэдэг талаар ярилцах болж.

Хамгийн гол  асуудал нь төр хүнд суртал гаргадаг хэвээрээ, бодлогын залгамж халаа байдаггүй, сонгууль бүрийн дараа яам, тамгын газар нэрээ сольж, нэгдэн, бутарч урт хугацааны бодлого байдаггүй, элдэв янзын популизм үргээчих гэдэг сул тал арилалгүй өнөөг хүрчээ.

2010 он. Нүүрсний салбарын бодлогыг зангиддаг “Coal Mongolia” чуулга уулзалт зохион байгуулагдаж эхэлсэн цаг. Монголын эдийн засгийн өсөлт дэлхий нийтийг гайхуулсан, “Оюутолгой” төсөл аль хэдий нь хөдөлж эхэлсэн үе. Гаднынхан егөөдөж гэх үү, тавлаж гэх үү “Minegolia” гэх хоч хайрлаад байв. Тус чуулган эхнээсээ л гаднын стандартын дагуу, том цараатайгаар зохион байгуулах гэж хичээж ирсэн. Нэр зүс өөр боловч ярьдаг сэдэв нь “Discover”-оос ялгаагүй. Монголын талаас оролцогчид яг ижил боловч гаднын төлөөлөгчдийн цар хүрээ эрс өөр байлаа. Эхлээд бид нүүрсний салбарыг Монголд ашигтайгаар хөгжүүлэх тухай, гаднын хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх тухай ярьдаг байв. Сүүлдээ бодлогоо яаж өөрчлөх вэ, гадаадын хөгжилтэй хэрхэн уялдуулах талаар ярилцах болжээ.

Одоо яах вэ?

Энэ жилийн хувьд “Discover Mongolia” чуулган уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн ирээдүй, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” компани болон олон улсын зах зээлд гаргах IPO, хувьцааны талаар дэлгэрэнгүй хэлэлцэх аж. Түүнчлэн Засгийн газраас баримтлах бодлого чиглэлийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр болжээ. Өмнөх хуралдаанаас сонирхолтой нь "Оюутолгой" төслийн шанг татаж байсан Камерон Макрей үндсэн хуралдааныг даргалах юм. Сэдвийн хувьд байдаг л сэдэв, 16 жилийн турш ярилцаж байсан асуудал.

“Coal Mongolia” энэ жил нүүрсний салбарт нэвтрүүлэх технологийн талаар ярилцана. Гэхдээ дэд сэдвүүд нь өөрчлөгдөөгүй. Чухамдаа энэ чуулган эхэлснээсээ хойш л тээврийн ложистик, дэд бүтцийн асуудлыг ярилцаж байсан энэ жил ч мөн адил ярилцана. Өмнөх жилүүдээс ялгагдах нэг онцлог нь Хятадын нүүрсний зах зээлийн томоохон компани болох Fenwei компанитай хамтран зохион байгуулж, Монгол-Хятадын нүүрсний форумыг чуулганы үеэр зохион байгуулах аж.

*** 

Ярьдаг сэдэв, хэлэлцдэг асуудлууд. Хугацаа өнгөрсөн ч өөрчлөгдсөнгүй. Оролцдог хүмүүс нь ч тэр. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос нэг орон руу шилжиж, засаг хэдэнтээ солигдож, чуулган олонтаа зохиогдов. Үзүүлэлтүүд өмнөхөөсөө дээшлээгүй, буурчихсан. Уул уурхайн манай эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг атлаа олон хүний хараалыг бардаг салбар байсан хэвээр. Сонгууль бүрээр популизм хийдэг сэдвийн нэг ч мөн адил уул уурхай. “Тэмцэгч” нэртнүүдийн шүлсээ үсчүүлэн “тэмцдэг” сэдэв нь ч уул уурхай. Гэвч энэ салбарт шинэ тутам хөгжиж буй технологийн дэвшил, нээлттэй бодлого, нарийн зохион байгуулалт дутагдсан хэвээр. Угтаа монгол төрийн бодлогын залгамж халаа, хар хайрцагны бодлого энэ салбарт байхгүй. Гэхдээ бид 16 жил нэг сэдвээр хоёр өөр төрлийн хурал зохион байгуулж ирлээ. Энэ жил ч мөн адил чуулна. Асуудлыг шийдэх мэргэн санаа өвөртлөх болов уу?

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.216.142) 2018 оны 09 сарын 03

MONGOL SHIG ULS RAEKTIV CHADLIIN TETS 6 BARIH HEREGTEI

0  |  0
zochin(139.5.216.142) 2018 оны 09 сарын 03

ARD TUMNEE AJILTAI BOLGOHIIN TULD ERUUL MONGOL HUN AYNG ORNUUL

0  |  0
z(202.21.106.148) 2018 оны 09 сарын 03

ТЭЦ4-ийн урд зам дагуу аж ахуйн зориулалттай 1га газар агуулах офиссийн хамт зарна. Утас 88145555

0  |  0
Top