З.Нарантуяа:Төсвийн зарлагын дэд хороо бодит гүйцэтгэлд хяналт тавьдаг болно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

 УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяа Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өмнө нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагад хяналт тавихдаа ерөнхийд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн өсөлт, бууралт, хэмнэлт, макро эдийн засгийн бодлогын үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэдэг байсан. Одоо бодит гүйцэтгэлд хяналт тавих зарчимд шилжинэ. Түүнчлэн олон нийт, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо их байх шаардлагатай байна. УИХ-ын чуулганы эхний нээлттэй хэлэлцүүлэг нь энэ сэдэв байх болно” хэмээлээ.

Мөнхүү “ХЗДХ-ийн сайдын багцад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс 1 тэрбум 800 сая төгрөг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд 130.8 сая төгрөг, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 240 сая төгрөг, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр 8 тэрбум гаруй төгрөг, хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 6 тэрбум гаруй төгрөгийг хувиарласан байна. Өмнөх жилүүдэд байгаагүй их мөнгийг хүүхэд хамгааллын чиглэлд хувиарласан байна. Гэтэл бодит нөхцөл байдалд, хүүхэд хамгааллын асуудалд ахиц гараагүй. Ер нь зарим зүйлд төсөв нэмэгдсэн ч бодит байдал хэвээрээ байна” гэсэн юм. Тиймээс мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Төсвийн мэдээлэл

Монгол Улсын Их хурал 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиудтай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулиудыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. Дээр дурдсан хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд дараахь эх үүсвэрүүдийг дор дурдсанаар холбогдох Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын багцад тусгаж, баталсан. Үүнд:

1) Хууль зүй, дотоод хэргийн  сайдын багцад

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал”-д 1800.8 сая төгрөг төсөвлөснөөс Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд 130.9 сая, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 245.2 сая төгрөг, цагдаагийн Ерөнхий газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөгийг;

2) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад

“хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 6. 516, 8  сая төгрөг, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын хүрээнд “хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 163.4 сая төгрөгийг; “хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн өмчийн цэцэрлэгт 15,350 хүүхэд, улсын цэцэрлэгт 11,129 хүүхдийн суудлыг шинээр нэмж, цэцэрлэгт хамрагдалтыг 84.6 хувьд хүргэх ба энэ зорилгыг хэрэгжүүлэх тусгай зохиулалтын шилжүүлэг гэж 311,267.4 сая төгрөгийг;

3 ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлж, ачааллыг нь бууруулах зорилгоор боловсролын салбарт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг;

3) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын захиран зарцуулах “хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт 252 сая, “ хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээрх бусад зардал”-д 8.509,6 сая төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2016-2020)-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,054.4 сая төгрөг дээр нэмж 5.0 тэрбум төгрөг, нийт 6.054.4 сая төгрөгийг; Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын зардал (3 аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний байр барих)-д 14.450 сая төгрөг, үүнээс 2018 онд зарцуулах дүнг 5.450  сая төгрөгөөр;”Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 96.840.0 сая төгрөгийг тус тус баталж,  хүүхэд хамгаалахтухайн хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлж байна.

Хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдал

Дээрхи хуулиуд хэрэгжиж эхэлсэнээс хойшхи 2 жилийн хугацаанд хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа хүүхэд хамгаалах үйл ажиллагаа дорвитой сайжраагүй байгаа нь УИХ-ын гишүүн З. Нарантуяа миний Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгын хариултаас тодорхой харагдаж байна. (ЗГ-ын ХЭГ-ийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны ХЭГ/1718 тоот Асуулгын хариу хүргүүлэх тухай албан бичиг) Үүнд: Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 2017 онд 1286 үйлдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн тоо 163-аар буурсан хэдий ч гэр бүлийн эсрэг, хүүхдийн эрхийг зөрчсөн захиргааны зөрчил 4369 үйлдэгдэж, 1.3 дахин өссөн байна.  90 хүүхэд гэмт хэргийн, 122 хүүхэд захиргааны зөрчлийн хохирогч болсон байна. Энэ үзүүлэлт 2018 онд огт сайжраагүй байх бөгөөд оны эхний 6 сарын байдлаар 584 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж, 17 420 хүн хохирогч болсны 29 нь буюу 7.8 хувь нь хүүхэд байна.  Захиргааны зөрчил гэхэд эхний 6 сарын байдлаар 3122 үйлдэгдэж, өмнөх онтой харьцуулахад 25 орчим хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн 4.5 жилийн дотор (2014, 2015, 2016, 2017, 2018 оны эхний 6 сарын байдлаар) улсын хэмжээнд Эрүүгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоог харахад зөвхөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон 65, түүнээс 16 нь насанд хүрээгүй хүүхэд, хүнд гэмтсэн 55, үүнээс  7 нь хүүхэд, хүндэвтэр гэмтсэн 83, үүнээс  7 нь хүүхэд, хөнгөн гэмтсэн 568 хүн байгаагийн 39 нь хүүхэд байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчил гэж зөвхөн бүртгэгдсэн тоо баримт юм. Гэтэл бүртгэгдээгүй гэмт хэрэг, зөрчлийн золиос болж байгаа хэдэн хүүхэд байгааг мэдэхгүй .Эдгээр тоо мэдээ нь гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буурахгүй байгааг харуулж байна.

Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцах үед 2017 онд 1752 хүүхэд, 2018 онд өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн тухай тоо мэдээлэл өгсөн байгаа нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэрэг, зөрчил буурахгүй, эсрэгээр нэмэгдэж байгааг харуулж байна. Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж байгаа шалтгаан буурахгүй байгаа талаар ярьж байгаагийн учир нь 2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан.

Хуулиудын хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулалт төсвийн зарцуулалт, зүр ашиг

Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн Асуулгын хариуд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан 5.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл ирүүлсөн бөгөөд эхний хагас жилийн хугацаанд 2.2 тэрбум төгрөгийг

1) бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад – 9.9 хувь;

2) хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад – 12.6 хувь;

3) хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд – 13.7 хувь;

4) олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд- 3 хувь;

5)төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал- 23.9 хувь;

6) орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхндийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд- 36.5 хувийг зарцуулаад байгаа мэдээлэл ирүүлсэн байна.

Дараахь санхүү, хөрөнгийн зарцуулалтын талаар огт дурдагдаагүй байна. Үүнд:

1.Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд  зарцуулах 130.9 сая, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлхэд зарцуулах  245.2 сая төгрөг, цагдаагийн Ерөнхий газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах 84.5 сая төгрөг;

“хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 6. 516, 8  сая төгрөг, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын хүрээнд “хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 163.4 сая төгрөг;

2.“хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн өмчийн цэцэрлэгт 15,350 хүүхэд, улсын цэцэрлэгт 11,129 хүүхдийн суудлыг шинээр нэмж, цэцэрлэгт хамрагдалтыг 84.6 хувьд хүргэхэд зарцуулах 311,267.4 сая төгрөг тусгуулсан. Гэтэл 2018 оны хичээлийн жилд 25 шинэ цэцэрлэг ашиглалтад орсон боловч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 000 хүүхэд гэртээ үлдэхээр байна.

3 гурван ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлж, ачааллыг нь бууруулах зорилгоор боловсролын салбарт хийж байгаа 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүн,  59 сургуулийг шинээр барьж эхлүүлэх 61.2 тэрбум, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэх 62.4 тэрбум төгрөг төсөв тусгуулсан. 2018 оны хичээлийн жилд 38 сургууль 3 ээлжээр хичээллэхээр байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд 3 ээлжээр хичээллэсэн сургуулийн тоо буураагүй, эсэргээрээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй холбоотой төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тухайн оны 1 дүгээр улиралд шийдвэрлэж байх явдал маш чухал байна.

4.Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын захиран зарцуулах “хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт 252 сая, “ хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээрхи бусад зардал”-д 8.509,6 сая төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2016-2020)-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,054.4 сая төгрөг дээр нэмж 5.0 тэрбум төгрөг, нийт 6.054.4 сая төгрөг;(2018 оны төсөвт Улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар 5.0 тэрбум төгрөгийг нэмж батлуулсан)

5.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын зардал (3 аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний байр барих)-д 14.450 сая төгрөг, үүнээс 2018 онд зарцуулах дүнг 5.450  сая төгрөгөөр;

6.Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 96.840.0 сая төгрөгийг тус тус хэрхэн зарцуулагдаж байгаа, үр ашигтай зарцуулалтыг зохион байгуулж чадаж байгаа эсэхэд УИХ төсвийн хяналтаараа дамжуулан ХЯНАЛТ тавих шаардлага байгаа нь харагдаж байна.

УИХ-аас тавих хяналтыг сайжруулах боловсронгуй болгох шаардлага

1,Одоогийн зарцуулалт, хуулийн хэрэгжилтийн зохион байгуулалт хангалтгүй байна.

А/.Төсвийн дийлэнхи хэсэг нь судалгаа, аян, журам боловсруулах, батлах, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, хамтарсан баг, сургагч, зөвлөгөө өгөх, мэргэжилтнийг бэлтгэж, сургах, Ажлын хэсэг, Дэд  зөвлөлийн үйл ажиллагааны зардалд зарцуулагджээ.

Б/. Гэмт хэргийн гол шалтгаан болсон архидалтыг бууруулахад хөрөнгө хуваарилагдаагүй байна. Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар энэ төрлийн нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 70 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг болох нь тгтоогдсон байна.

В/.Хүчирхийллийн талаархи иргэдийн мэдлэг муу байгаа нь хэрэг зөрчил үйлдэгдэх 2 дахь шалтгаан болдог байна. Гэтэл эрсдэлтэй гэр бүлийг тодорхойлох ажил удааширалтай, төлөвлөгөө аргачлалаа боловсруулах, гэр бүлийн зөвлөгч нарыг бэлтгэх ажилд 2 жилийг зарцуулжээ.

Г/ эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийн сан одоо хүртэл бүрдээгүй, туйлын хангалтгүй байна. Нэг үгээр хэлбэл, хамгаалах субьектээ сайн мэдэхгүй, хамгаалах үүрэг бүхий этгээдүүдэд энэ жил төсвийн ихэнхийг зарцуулсан байна.

Д/ Сэтгэцийн өөрчлөлттэй хэрэг үйлдэгч, бусдыг хүчирхийлэх зан үйлд дадал загшил болсон гэр бүлийн гишүүдийг тодруулж, тэдэнтэй тулж ажиллаж, хүмүүжүүлэх, ухамсарлуулах, хэрэг, зөрчил гаргахаас нь сэргийлж, тусгаарласан зүйл алга байна. Зөвхөн зөрчил гаргасны дараа баривчлах ажиллагаа хийж, 2017 онд 1480 хүчирхийлэгчийг 37.3 сая төгрөгөөр торгож, 2889 хүчирхийлэгчийг баривчилсан нь өмнөх оны мөн үеээс 3.8 дахин өссөн үзүүлэлт байна.

Е/ Аюулгүй байдлыг хангах ажилд хангалтгүй анхаарч байна. Хүүхэд байгаа орчны ауюлгүй байдалд хяналт мониторинг хийх тогтолцоо бүрдүүлэх, хүүхэд асрах, аюулгүй орчинд байлгах хувилбарт үйлчилгээг дэмжихэд зөвхөн 2017, 2018 онд төсвийн хөрөнгө дутмаг зарцуулагдаж, сургуулийн орчинд гэмт хэрэгт өртсөн хүүхэд 10, гэмт хэргийн хүчирхийллийн гэмт хэрэгт 13 өртөж хохирсон байна.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top