Төв банк 915.30 грамм байгалийн “төрц” алт худалдан авлаа

2018 оны 09 сарын 05

Монголбанк байгалийн тогтоц буюу “төрц” хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Тэгвэл  наймдугаар сард Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915.30 грамм байгалийн “төрц” алтыг төв банк худалдаж авчээ. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  5 дахь заалтыг үндэслэн ийнхүү “төрц” алт худалдан авах нь  улсын Эрдэнэсийн санг баяжуулах зорилготой.

“Төрц” алт нь байгаль дээр биежсэн хэлбэртэй, бусад эрдсийг өөртөө агуулсан үнэт металл бөгөөд энэхүү ховор олдцыг Монголбанкны алт худалдан авах үнээс 10 хувийн нэмэгдэл үнээр худалдан авдаг аж.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан дахин давтагдашгүй олдоц бүхий ховор тогтоцтой төрц алтыг Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалж, сангийн үзмэрийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Дашрамд өгүүлэхэд,  Монголбанкинд тушаагдаж байгаа  алтны  дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч “төрц” алт цөөн хувийг эзэлж иржээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж,  олдсон “төрц” алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхад нь анхаарч байгааг төв банкнаас мэдээлж байсан.

Алт олборлогчид “төрц” алт олборлосон тохиолдол бүрт Лондонгийн үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанкинд худалдах бүрэн боломжтойг тодотгоё.

Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top