Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хурал Сочид боллоо

2018 оны 09 сарын 05

ОХУ-ын Сочи хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форумын хүрээнд тус нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнгийн хамтаар Захирлуудын зөвлөлийн нийт есөн гишүүн оролцжээ. Энэхүү ээлжит хуралдаанаар СХН-ийн үйл ажиллагаа, зардал санхүүжилтийн тайланг дүгнэж, ирэх жилийн төсөв, төсөөллийг хэлэлцлээ.

Захирлуудын зөвлөлийн дарга, Бангладешийн Төвбанкны ерөнхийлөгч Фазле Кабир хуралдааныг удирдан явуулж, нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Альфред Ханниг тайлан болоод төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар танилцуулав.

Түүнчлэн хуралдаанаар чиг үүргийн хүрээнд Захирлуудын зөвлөлийн дэд даргыг сонголоо. Дэд даргын үүрэгт албанд зөвлөлийн гишүүдээс сонгодог бөгөөд Египетийн Төвбанкны дэд ерөнхийлөгч Лобна Хелал зөвлөлийн дэд даргаар сонгогджээ.

Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top