Манай улс дэлхийн 60 оронд бараа экспортложээ

2018 оны 09 сарын 06

Энэ оны эхний 7 сарын байдлаар экспорт импортоос давамгайлсан таатай мэдээлэл байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар өсч,  экспорт, импортын зөрүү 851 сая ам.доллар болоод байгаа юм.

Манай улс импортоор 3,265.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс  39.8 хувиар өссөн үзүүлэлт.  Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 683.6 сая ам.доллар буюу 20.9 хувь, эрдэс бүтээгдэхүүн 730.4 сая ам.доллар буюу 22.4 хувь , үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 604.0 сая ам.доллар буюу 82.7 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 318.9 сая ам.доллар буюу 9.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 205.1  сая ам. доллар буюу 6.3 хувийг  тус тус  эзэлж байна.

Экспортын тухайд боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 10 0 хувь, зэсийн баяжмалын 99.8 хувь, чулуун нүүрсний 98.9 хувийг БНХАУ-д, жоншны 53.7 хувийг БНХАУ-д, 46 хувийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь  Их Британид тус тус экспортложээ.  Манай улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  92.3 хувь,   Их Британид 3.8 хувь, ОХУ-д 1.2 хувь  тус тус ногдож, нийт экспортын  97.3 хувийг дээрх орнууд эзэлж буйг статистикийн газраас дуулгаж байгаа юм.

 Э.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top