Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөлийг албан ёсоор зарлалаа

2018 оны 09 сарын 07

ОХУ-ын Сочи хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форумд оролцож буй Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид нийгэмлэгийн гурав дахь Ерөнхий уулзалтад оролцлоо. Ерөнхий уулзалтыг нээж ОХУ-ын Төвбанкны дэд ерөнхийлөгч Ольга Скоробогатова үг хэллээ.

СХН-ийн менежментийн баг болон Төсөв, санхүүгийн зөвлөл өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны наймдугаар сар хүртэлх нийгэмлэгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцууллаа. Менежментийн багийн дурдсанаар энэ хугацаанд 4 байгууллага шинээр элсэж нийгэмлэг нийт 92 орны 107 гишүүн байгууллагатай болжээ. Түүнчлэн СХН-ийн Гишүүнчлэлийн Зөвлөл 2019-2023 оны стратеги төлөвлөгөөг баталсан байна.

Мөн Санхүүгийн хүртээмжийн бодлогын загвар боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүн орнуудын тэргүүн туршлагуудыг нэгтгэн гаргах энэхүү бодлогын загвар боловсруулах ажилд ажлын хэсгүүд төвлөрөн ажилласан юм. Уг бодлогын загвар гарснаар гишүүн орнууд тус тусын туршлагаас судлан, санхүүгийн хүртээмжийн бодлогоос үүсэн гарах асуудлаас сэргийлэх боломж бүрдэх юм. Ерөнхий уулзалтаас нийт гишүүдийн санал асуулгаар Финтекийн асуудлаарх зөвлөл байгуулав. Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн 13 дахь хуралдаан болон салбар зөвлөлүүдийн уулзалтуудаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулав.

Мөн Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөлийг албан ёсоор зарласан тухай мэдээ байна.  Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн бүтцэд Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл байгуулах асуудалд  Санхүүгийн зохицуулах хороо жил гаруйн өмнөөс идэвхтэй ажиллалаа. ОХУ-ын Сочи хотноо хуралдаж буй Дэлхийн бодлогын чуулганаар тус бүс нутгийн удирдагчдын дугуй ширээний уулзалт болж санаачилгын зөвлөлийг санал нэгтэй байгуулав.

Дугуй ширээний уулзалтад Монгол Улсын Санхүүгийн зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн болон ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын тэргүүн нар оролцож, бүс нутгийн зөвлөлийн ажиллах дүрэм, журмыг хэлэлцэн эцэслэж, Дэлхийн бодлогын форумд өнөөдөр танилцууллаа. Түүнчлэн Зүүн Европ болон Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл Сочигийн 10 дахь Дэлхийн бодлогын форумд бие даасан бүтцээр анх удаа хуралдаж, зохион байгуулалтынхаа талаар ярилцсан юм.

Дугуй ширээний уулзалтын үеэр СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн Дэлхийн бодлогын форумыг СХН-тэй хамтран зохион байгуулж буй ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч, хатагтай Эльвира Набиулиннатай уулзаж, хоёр улсын санхүүгийн харилцаа, хамтын ажиллагаа болон энэ харилцааны хэтийн төлөв, хандлагын талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top