Хүнсний үйлдвэрлэлийн шилдгийг шалгаруулна

2018 оны 09 сарын 07

 1975 оноос өнөөдрийг хүртэл 43 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож буй “Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэнг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав  үг хэлсэн юм. Тэрбээр “Бидний хувьд 2018 он бол их чухал хариуцлагатай жил. Улс орныг хамарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулаад, макро түвшинд гарсан эдийн засгийн нааштай үзүүлэлтүүдийг микро түвшинд буюу аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралд буулгахад сүүлийн хоёр жилд бид бүхэн түлхүү анхаарч ажиллаж байна. Энэхүү үйл явцад ч энэ үзэсгэлэн зохих хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж байлаа.


Дөрвөн өдөр  үргэлжлэх уг үзэсгэлэн худалдааны зорилго нь Хүнсний үйлдвэрлэлийн шилдгийг шалгаруулах, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншийн харилцаа холбоо тогтооход тус дөхөм үзүүлэхэд чиглэж буй аж.

Мөн  энэ удаагийн үзэсгэлэн Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбоо буюу CACCI-гийн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Джамал Инайшвилигийн айлчлал, түүний хүрээнд зохиогдож буй CACCI-гийн  нэгдсэн хуралдаан болон АНДО-уудын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы үйл ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлогтой  болохыг Б.Лхагважав эрхэм тодотгож байна.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top