Боловсруулах үйлдвэрийн сураг ТАСРАХ уу, ЭСВЭЛ...?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

Дорноговь аймаг. Алтанширээ сум. Одоогоос гурван сарын өмнө энэ нутагт нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан билээ. Нефть боловсруулах үйлдвэртэй болно гэсэн 20 илүү жилийн хүсэл, 10 гаруй жилийн амлалтын дараа шав тавьсан нь энэ. Тэгэхдээ бүр зургаан удаагийн шийдвэр, хоёр удаагийн тогтоолын дараа шүү. Гэвч энэ бүх ажил ТЭЗҮ-гүй эхэлсэн гэдгийг санаарай. ТЭЗҮ-гүй төслийн шавыг Энэтхэгийн Дотоод хэргийн сайд тавьчхаад буцсан нь одоо ч үргэлжилж байна.

ТЭЗҮ-ГҮЙ ЭХЭЛСЭН ТӨСӨЛ

Инээсэн Ерөнхий сайд. Хүрз барьсан Засгийн газрын сайд нар. Том хар машинуудын цуваа. Уран үг. Хадаг. Нээлт. Дуу хуур. Хоёр сарын өмнө Алтанширээд болсон үйл явдлыг товчхон зураглавал энэ. Гэвч нээлт болж байхад хэн ч ТЭЗҮ нь яасан юм бэ гэж асуусангүй. Ер нь ТЭЗҮ-гүй эхэлж болдог юм уу гэж бодох хэн ч байсангүй. Байгаад ч хариулах хүн олдоогүй юм.

2017 оны гуравдугаар сар. Засгийн газрын 92 тогтоолоор газрын тос боловсруулах төрийн өмчит компани байгуулахаар болов. Алтанширээ суманд уг үйлдвэрийг байгуулахаар тогтлоо. Үйлдвэрийн ТЭЗҮ-г Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулахаар шалгарч одоог хүртэл хийж байгаа. ТЭЗҮ боловсруулж сурсан, Энэтхэгийн томоохон төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж байсан гэх энэ компани дэлхийн стандартад нийцсэн ТЭЗҮ боловсруулна гэдгээ амласан. Шалгарснаас хойш нийтдээ гурван удаа хуралдаж, Монголын талд нэг удаа танилцуулсан гэх мэдээ бий. Одоогоор үүнээс өөр тодорхой зүйл алга. Ямар ч байсан тэд ирэх 16-ны өдөр Монгол Улсад ирж ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар танилцуулж, Алтанширээ дэх ажлын явцтай биечлэн танилцана.

“Энэтхэгийн талынхан ирэх 16-ны өдөр ирж ажлын явцтай танилцан, ТЭЗҮ-ээ эцсийн байдлаар танилцуулна. Эцсийн байдлаар ирсэн ТЭЗҮ-г бид эндээ хэлэлцэн, эрдэс баялгийн зөвлөл, ШУА-аар хэлэлцүүлэн батлах ёстой. Анх шав тавьснаасаа хойш ажил маш ахицтай байна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.

Алтанширээ суманд одоо яг юу болж байгаа вэ?

170 мянган куб.метр хөрс хуулаад байна. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 27 км салаа төмөр зам, 14 км цахилгааны шугам, 16 км авто зам барихаар төлөвлөсөн. Хэдийгээр төмөр замын ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлнэ гэж байсан ч ТЭЗҮ бэлэн болоогүй гэх шалтгаанаар хөрс хуулахаас өөр ажил хийгдээгүй байна. Салаа төмөр замын ажлыг “Улаанбаатар төмөр зам” компани, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК тус, тус хийж гүйцэтгэх юм.

Хэрвээ баригдвал...?

Хэрэв баригдвал жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулна. Жилдээ 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизелийн түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэнэ. Дотооддоо 300 гаруй ажлын байр шинээр бий болгоно. Хамгийн гол нь байнга хараат байсаар ирсэн газрын тосны хэрэглээгээ бид дотооддоо шийдвэрлэдэг болно. Гадаад зах зээлийн савлагаа, монополь компаниудын тулгалтаар хохирч ирсэн бидний нуруу тэнийх сайхан боломж.

“Энэ бол Монголчуудын хувьд олон жил хүссэн хүсэл. Үүнийг гүйцэлдүүлэхэд тусалсан Энэтхэгийн Засгийн газарт талархсанаа илэрхийлэх ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол Улсын эдийн засагт бодитой нөлөө үзүүлж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах боломж бүрэн дүүрэн бий гэдэгт итгэлтэй байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьж байв.

Эндээс тэнд, тэндээс энд...

2000-аад оны эхэн. Нефть боловсруулах үйлдвэр барих хүсэл бадамлаж эхэлсэн цаг. Дархан хотод барих санаачилга гарч гурван ч удаа тогтоол гарч байлаа. Дараа нь судалгаа дутуу гэх шалтгаанаар Эрдэнэт, Дорнод аймагт ч барих санал гарч байв. Одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2015 онд Засгийн газрын 113 дугаар тогтоол гарч Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тогтов. Гэвч эцсийн байдлаар юу ч шийдэгдээгүй байсан юм. Засгийн газрын тогтоолын дараа нефть боловсруулах үйлдвэрийн сураг дахин хоёр жил тасарсан.

Энэтхэгийн талын олгосон 1.5  тэрбум ам.долларын зээлийн тоолуур гүйгээд эхэлсэн. Эхний таван жилдээ бид зээлийн хүүнээс чөлөөлөгдсөн. Харин таван жилийн дараагаас эхлэн 1.7 хувийн хүүг төлөх юм.

Олон судлаачид Зүүнбаян дахь нөөц дээрээ түшиглэн боловсруулах үйлдвэр барих нь ашигтай гэж үзэж байсан ч Засгийн шийдвэр, улс төрчдийн санаачилгаар Алтанширээ тунаж үлдсэн нь энэ билээ. БНМАУ болон ЗХУ-н мэргэжилтнүүд 1949 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж байлаа. Анхны кнопыг маршал Х.Чойбалсан 1951 онд дарж байлаа. Тухайн үед Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хангалттай хангаж, бусад социалист орнуудад ч экспортлох боломжтой байсан нь түүхэн үнэн. Гэвч ЗХУ-н Буриад улсаас их хэмжээний орд илэрч, 1968 оноос эхлэн үйлдвэрээ зогсоохыг шаардаж, хяхаж хавчиж байсаар 1970 онд албан ёсоор хаагдсан билээ. Нийгмийн байдал ороо бусгаа, хаашаа ч эргэж болох байсан 1980-аад онд Монгол Улс ЗХУ-д нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг хоёр ч удаа хэлэлцүүлэхэд авч хэлэлцээгүй юм.

***  

ТЭЗҮ-гүй эхэлсэн төслийн ажил ахицтай, амжилттай байгааг салбар яамныхан ам уралдуулан ярьж байна. Гэхдээ ТЭЗҮ эцсийн байдлаар батлагдаагүй болохоор хөрс хуулалтаас өөр ажил хийх боломжгүй байгааг санах хэрэгтэй.  Энэтхэгийн талын олгосон 1.5  тэрбум ам.долларын зээлийн тоолуур гүйгээд эхэлсэн. Эхний таван жилдээ бид зээлийн хүүнээс чөлөөлөгдсөн. Харин таван жилийн дараагаас эхлэн 1.7 хувийн хүүг төлөх юм. 2038 он гэхэд зээлийг бүрэн төлж дуусгана.

Зүүнбаян дахь газрын тос боловсруулах үйлдвэр хаагдсанаас 48 жилийн дараа, газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж амласнаас 20 жилийн дараа Алтанширээд бүтээн байгуулалт эхэлсэн. Улс төрийн шоу болж дуусах уу, их бүтээн байгуулалт болж сүндэрлэх үү? Хүлээх л үлдлээ.

Б.Аззаяа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.217.41) 2018 оны 09 сарын 08

Хоосон ам шалдан гуя гэж улс төрчдийг хэлсэн байх. Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв.

0  |  0
ахмад(202.9.43.83) 2018 оны 09 сарын 08

Сүүлийн 20жилд бидний сонгосон улс төрчдөд нэг эмгэг илааширахгүй байгаа нь шав тавьж, лент хайчлахад донтох өвчин юм. Урьдчилсан тооцоо судалгаагүй, ТЭЗҮ боловсруулаагүй байж л лент хайчилж,хүрз бариад ухасхийдэг өвчин. Энэ өвчин бол газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд их хүндэрч энд тэндгүй л лент хайчилж газар хөндсөн. Харин энэ удаад овоо л эрчимтэй эхэлж байсанч ТЭЗҮ-гүйгээр... гэхээр л бас биш болж байх шиг. Яарвал даарна гэж байдагч шоудаж хошигоруулах нь улс төрчдийн ажлын шинэ арга барил болоод байх шиг.

0  |  0
zochin(66.181.184.217) 2018 оны 09 сарын 08

SURTEIM ERDENET OVOOTIIN TZ TEZU GUI SHAVAA TAVISAN ODOO EHLEEGUI BNA

0  |  0
mnbvc(193.80.234.131) 2018 оны 09 сарын 07

orosuud bariulahgui

0  |  0
ЗОЧИН J(66.181.184.213) 2018 оны 09 сарын 07

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ НЬ ГЭЭД БАЯРЛААД БАЙСАН , ЁСТОЙ ИХ САНАСАН ГАЗАР ГУРАВ ХОНОГ ХООСОН ХОНОХ ГЭГЧ БОЛОХ НЬ ҮҮ .

0  |  0
Top