“IWFCI Mongolia” : Дэвшилтэт загвараар бизнесээ хөгжүүлэх боломж байна

2018 оны 09 сарын 07

 “Өнөөгийн дэлхий ертөнцөд өрнөж буй суурь өөрчлөлтүүдийг та бид бүгд гэрч нь болон харж байна. Уламжлалт улс төрийн тогтолцоо хүчгүйдэж, эдийн засгийн үндсэн загвар өөрчлөгдөн, хүчний шинэ төвүүд бий болж, хүмүүсийн мэдээлэл солилцох цоо шинэ дэд бүтцүүд бий болсноор хүн төрөлхтөн  сэтгэлгээ болон хандлагын хувьд тэр чигтээ хувьсан өөрчлөгдөж байна.  Энэ бүх өөрчлөлтийн бас нэгэн томоохон үзэгдэл нь дэлхий даяар өрнөж буй “хүйсийн чичиргээ” буюу эмэгтэйчүүдийн нийгмийн оролцооны идэвхжилийн шинж тэмдэг юм. Эмэгтэйчүүд, хүчирхийллийн эсрэг нэгтгэсэн дуу хоолой нь  хүйсийн ялгаварлалгүй, нийгмийн тэгш оролцооны төлөөх бүх нийтийн дуу хоолой болон өргөжиж, үүнээс үүдэн өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэй манлайлагчид олноор бий болсоор байгааг та бүгд мэдэж байгаа билээ...Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн бизнес  эрхлэлтийг дэмжих үндсэн чиглэл бүхий олон улсын IWFC байгууллага нь манай улсад ээлжит чуулганаа зохион байгуулж буйд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн МАН-ын стратегийн зөвлөх Н.Дэмбэрэл Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд хэлсэн үгэндээ онцолж байсан юм.


"ЦАХИМ ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТ" сэдвийн хүрээнд оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тэрчлэн  Монголын бизнес эрхлэгчид ASEAN-ий  10 гаруй оронтой худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн тухай таатай мэдээллийг  “IWFCI Mongolia”-ийн зүгээс тодотгож байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “IWFCI Mongolia”-ийн  гишүүн  бизнес эрхлэгчид  бизнесээ тэлэх боломжийг эрэлхийлсэн алхмуудыг хийснээ хэлж байлаа. Ер нь бол мэдээллийн технологид суурилсан дэвшилтэт загвараар бизнесээ хөгжүүлэх, зах зээлээ тэлэх боломж бий гэдгийг оролцогчид хэлж байна.


Өчигдөр болсон хуралдаанаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бизнесийн боломжуудыг бий болгох сэдвийн дор Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа бизнесийн боломжуудын талаар ярилцлаа.

МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа хэлэхдээ “Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд юу үйлдвэрлэж чаддаг вэ гэдгийг бусад орны эмэгтэйчүүдэд танилцуулж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг зүйл нь мэдээж бизнесийн таатай орчин. ЖДҮ-ийн хууль, татварын орчин, хөдөлмөрийн хууль зэрэг  нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө нэн тэргүүнд тулгамдсан асуудал. Энэ бүхнийг сайжруулснаар тэдний ажил урагш явна” гэлээ.


Э.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top