Дэлхийн бодлогын форумын шинэ мэдээллүүд...

2018 оны 09 сарын 08

Санхүүгийн Зохицуулах Хорооноос ирүүлсэн мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

 СЗХ-ны дарга С.Даваасүрэн Дэлхийн бодлогын форумд илтгэл тавилаа

  Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ОХУ-ын Сочи хотноо чуулж буй Дэлхийн бодлогын форумын “Санхүүгийн хүртээмжийн инноваци” хуралдаанд чиглүүлэх илтгэл тавьж, санхүүгийн зах зээлийн хөгжил нь инновацийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бөгөөд инноваци мөн санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал үүрэгтэйг онцлон өгүүллээ. Тэрээр, санхүүгийн зах зээлд бий болж буй технологид суурилсан инноваци болох финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, компаниудад хийгдэж буй хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд маш хурдтай өсөж, 2018 оны эхний хагас жилийн байдлаар финтект хийгдсэн хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 38.9 тэрбум долларт хүрээд байгааг дурдаж, Монгол Улсын санхүүгийн зах зээлд шинээр гарч ирж буй финтекийн бүтээгдэхүүнээр жишээ болгон ярив. Хуралд оролцогчид түүнийг Монгол Улсад санхүүгийн эрх, хэрэглээний талаарх жендерийн тэгш байдал, түүн дотор уламжлалт нүүдлийн ахуй, соёлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн оролцоо давуу байдаг тухай тайлбарыг ихээхэн талархалтай хүлээн авч, алга ташин баяр хүргэж байлаа.

Дэлхийн банкны CGAP (the Consultative Group to Assist the Poor) сүлжээний төлөөлөгч, доктор Стефан Стачений удирдан явуулсан тус хуралдаанд доктор С.Даваасүрэнгийн хамт ОХУ-ын Төв банкны Санхүүгийн зах зээлийн стратегийн газрын захирал Владимир Таможников, Кенийн Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулах газар (SASRA)-ын гүйцэтгэх захирал Жон Муака, Германы “Фидор солюшн” компанийн гүйцэтгэх захирал Маттиас Крөнер, Ботсванийн “Летшего групп” компанийн борлуулалтын бүлгийн ахлагч Жэймс Уэйнэйна нар панелистаар ажиллав. Санхүүгийн салбарын хөгжлийн чиг хандлага гэж болох дижитал санхүү болон технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, тэдгээрийн зохицуулалтын талаар панелистууд тус тусын сорилт туршлага, ололт амжилт болон нөхцөл байдалд суурилан ярьж, инновацийг өргөжүүлэхэд баримталж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм. 

Дэлхийн бодлогын форумын үндсэн үйл ажиллагааны нээлтийн ёслол мөн өчигдөр болсон бөгөөд зохион байгуулагч ОХУ-ын Төв банк СХН-ийн хүндэт зочдыг уламжлалынхаа дагуу талх, давсаараа дайлсан юм. Нээлтийн хуралдаан болон СХН-ийн сүүлийн 10 жилд дэлхий дахины санхүүгийн хүртээмжийн байдалд үзүүлсэн нөлөө, ОХУ-ын санхүүгийн хүртээмжийн байдал, зэрэг хэлэлцүүлгүүдээр Дэлхийн бодлогын форумын төлөөлөгчид инноваци, хүртээмж, нөлөөлөл гэсэн үндсэн сэдвүүдийг нарийсган ярилцаж, улмаар блокчэйн технологи, дижитал давуу байдал, финтек болон хүртээмжтэй даатгал, олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зэрэг салбар хуралдаануудаар гүнзгийрүүлэн ярилцлаа.

 

“Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-ийн гурав дахь удаагийн үндэсний уулзалт хэлэлцүүлэг боллоо

  “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл” нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд төслийн багийнхан идэвх чармайлттай ажиллаж, энэ сарын 4, 5-ны өдрүүдэд төслийн үр дүнгээ хэлэлцлээ. Уг төслийг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Дэлхийн манлайллын академи (GLA) болон Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч олон улсын байгууллага(AII)–аас хамтран хэрэгжүүлсэн. 


Төслийн үр дүнг хэлэлцсэн энэхүү уулзалт нь төслийг хэрэгжүүлэгч Үндэсний багийнхны гурав дахь удаагийн уулзалт хэлэлцүүлэг бөгөөд манай улсын Үндэсний багийн гишүүдэд дэмжлэг өгч ажилласан олон улсын зөвлөх Яннис Крисостомидис семинарт оролцлоо.

Хүртээмжтэй даатгалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц шинэ санаа, шилдэг санаачилга, зохистой зохицуулалтын орчныг бий болгох зорилготой энэхүү төслийн хүрээнд Үндэсний багийн гишүүд “Үндэсний уулзалт хэлэлцүүлэг” болон “Олон улсын уулзалт”-д тус бүр хоёр удаа оролцож, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх дорвитой алхмуудыг хийж эхлүүлээд байна. Тухайлбал, Монгол Улс Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх зураглал, төлөвлөгөөтэй болохоос гадна хүртээмжтэй даатгалыг иргэдэд хүргэхэд чиглэсэн даатгалтай холбоотой аппликэйшн бий болгох зэрэг ажлыг хийж байна.

Төр, хувийн хэвшлийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалт боллоо

  Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форум (ДБФ) энэ өдрүүдэд үргэлжилж байна. Форумын хүрээнд болсон Төр, хувийн хэвшлийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат оролцлоо.


Уулзалтаар,СХН-ийн гишүүн орнууд санхүүгийн хүртээмжтэй холбоотой ямар эрсдлүүдийг тооцон ажиллах хэрэгтэй талаар болон эдгээр эрсдлүүдийг бууруулахад ямар зохицуулалт, бодлогын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй талаар санал солилцлоо. Түүнчлэн гишүүн орнуудын хувийн хэвшлүүдийн зүгээс бодлого тодорхойлогч, зоицуулагч байгууллагуудад дэвшүүлэн тавьж буй санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай санал, санаачилгын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын төгсгөлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байх талаар санал солилцлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны энэхүү өндөр түвшний уулзалтын хүрээнд хөндөгдсөн сэдвүүдийг дүгнэн, цаашид хийх ажлуудын талаар Африкийн Эдийн засаг, судалгааны консорциумын гүйцэтгэх захирал, профессор Жугуна Дунг-У дүгнэлт илтгэл тавилаа.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.217) 2018 оны 09 сарын 08

bodlogui horoo

0  |  0
Top