“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцох үеэрээ Эрдэс баялгийн биржийн талаар байр сууриа илэрхийлж байсан. Худалдагч, худалдан авагч талууд дундын зуучлагчгүйгээр түүхий эдийг арилжаалах, зах зээлийн бодит ханш тогтох нөхцөл бүрдэх учраас Эрдэс баялгийн бирж байгуулах нь чухал гэж байна. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, үүрэг хариуцлага, бидний бололцоог тодорхойлох талаар судалж, Засгийн газарт танилцуулахаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг дуулгасан.
Мөн “Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн хэмээн онцолж байлаа. Бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлж өгнө гэсэн юм. Тэрбээр манай улсын Эрдэс баялгийн биржийн ирээдүйг “Олон улсад нээлттэй, хүлээн зөвшөөрөгдсөн таваарын бирж, Монгол Улсын Талын зам, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга, Монгол Улс, Орос Улс, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах субъектын үүргийг гүйцэтгэх боломжтой гэж тодотгосон юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )