Спикер М.Энхболдын даалгавраар байгуулагдсан Ажлын хэсэг “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг ерөнхийд нь шалгаад дуусчээ. Шалгалтын дүнг базаж цаасан дээр нэгтгэсэн байдлаар буулгах техникийн чанартай ажлынх нь явц үргэлжилж буй бөгөөд энэ сарын сүүлчээр эцэслэгдэн гарна гэж байна. “Оюутолгой” төслийн хэрэгжилт гээд ярихаар Монгол Улсад төлөх ёстой татвараа дутуу гучуу төлөөд байна гэдэг асуудлыг улстөр, эдийн засгийн хүрээнд ярьдаг. Харин хөрөнгө оруулагч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байдаг.
Сүүлд “Дисковер Монголиа” чуулга уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес илтгэл тавихдаа “Оюутолгой нь дэлхийн уул уурхайн түүхэн дэх цорын ганц хамгийн том биш юм гэхэд хамгийн том хөрөнгө оруулалтын нэгд зүй ёсоор орно. 2010 оноос хойш манай компани Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр 1.6 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөг төлсөн байна. Манай компани Оюутолгой төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад нийт 8 тэрбум гаруй ам.доллар буюу 15 их наяд төгрөг зарцуулсан ба энэ нь Монгол Улсын 2017 оны татварын нийт орлогоос гурав дахин их байна... Өнгөрсөн хугацаанд бид “Монголд үйлдвэрлэв” стратегийг хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Стратегийн ашиг тусыг тодоор харж болно. Бид одоо ган бөмбөлөг, радио дамжуулагчтай шошго, шохой, ажлын хувцас, баяжмалын уут, ажлын гутал, бээлий, хуванцар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг дотоодод анх удаа үйлдвэрлэж байгаа. Оюутолгой компани 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан ба цаашид ч энэ тоог нэмэгдүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Ирэх жил арван жилийнхээ ойтойгоо золгох энэ төслөөс Монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагууд бий гэдгийг манай талаас хэлэх хүмүүс бий. Харин хөрөнгө оруулагч талын хувьд татварын маргаантай холбоотой асуудлууд яригдахаар Арбитрт хандаж, шийдвэрлүүлнэ гэх хариуг өгдөг. Ямартай ч энэ сарын сүүл гэхэд Ажлын хэсгийн дүгнэлт ил болсноор “Оюутолгой”-той холбоотой байр сууриуд идэвхжиж таарах биз ээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )